Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: Д.Владимир "Бид түүхий эдээ ямар нэг дамжлагагүй үйлдвэрт шууд нийлүүлэх зорилготой"

- Оюу Толгой компани орон нутгийн малчдыг дэмжиж байгаа -

Бид “Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр” хэмээн хамтын хүчний давуу талыг ярьдаг. Түүнтэй адил орон нутгийн малчид хоршоо байгуулах санаачилга гаргаж, ажлаа эхэлсэн байгаатай Ханбогд сумын Гавилууд багт таарлаа. Тус багийн малчин Д.Владимир энэ ажлыг эхлүүлсэн хүн аж. Түүнтэй хоршооны талаархи төрийн бодлого, хамтрахын давуу тал, энэ талаар малчид санал бодолтой явдаг талаар хөөрөлдлөө.

 

Таныг нутагтаа хоршоо байгуулж байгаа тухай сонслоо. Өнөөдөр малчид хамтрах, хорших хэрэгцээ шаардлага гарч байна уу. Яагаад хоршоо байгуулах болов?
Би анх 2003 онд Галбын Хөгжил хоршоогоо байгуулсан хүн. Манай хуучин нэгдлийн нэр л дээ. Тэр жил Засгийн газраас Хоршооллын хөдөлгөөнийг эрчимтэй дэмжиж байлаа. Жалгын нэг тарсан малчид ийм байдлаар яваад ашиггүй санагдсан. Тэгээд сүү, цагаан идээ, түүхий эдээ зах зээлд үнэ хүргэж худалдах зорилгоор 28 хүн нэгдэж байгуулсан түүхтэй. Тамга, гэрчилгээгээ аваад ноос, сүү, цагаан идээгээ нийлүүлж, бөөнөөр зах зээлд илүү үнээр борлуулаад нэг жил болсон. Гэхдээ орон нутаг, төрөөс ч дэмжихгүй, дундын сангийн хөрөнгөө нэмэгдүүлэх гэхээр малчид бүгдээрээ зээлтэй болохоор хүндрэл гарсан. Хоршоо хувь нийлүүлсэн газар болохоор бага мөнгөөр үйл ажиллагаа явуулах хэцүү. Хөнгөлөлтэй зээл авах гэсэн ч бүтээгүй. Ингээд гишүүддээ хувь нийлүүлсэн хөрөнгийг нь буцааж өгөөд хүүхдүүд болох 9 гишүүн үлдээгээд Х тайлан өгөөд 10 жил болсон.

Тэгвэл хоршоогоо сэргээсэн гэсэн үг үү. Малчид хэр хүлээж авсан бэ?
Тийм ээ. Өнгөрсөн 2012 оноос малчдын хоршоог төрөөс дэмжээд эхэлсэн болохоор хадгалж байсан тамга, гэрчилгээгээ сэргээсэн. Баг бүрт нэг хоршоо, нийт 1100 хоршоо байгуулж, үндэсний үйлдвэрлэгчдээ түүхий эдээр хангах судалгаа гаргасан юм билээ. Энэ талаар ч багийн хурлын үеэр нэлээд их мэдээлэл хийсэн. Миний хувьд 10 жилий өмнөөс хоршооны талаар мэдээлэл, мэдлэгтэй, хууль судалж байсан болохоор Галбын Хөгжил хоршоонд 58 өрхийн 117 хүн элсэж, хувь хөрөнгөө нийлүүлээд үйл ажиллагаагаа эхлээд явж байна. Хоршооны гишүүн больё гэсэн хүмүүс ч бий. Одоогоор гишүүн элсүүлэхээ зогсоосон. Он гаргаад эхэлнэ.

Хоршооны гишүүн байсны давуу тал юу байх вэ?
Засгийн газрын 124, 48-р тогтоол байгаа. Засгийн газрын 2013 оны 48 дугаар тогтоолд Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох, хяналт тавих, тайлагнах гэсэн хавсралт байгаа. Уг нь 2013 оны 7 дугаар сарын 1-нээс зөвхөн малчдын хоршооны гишүүдээс нийлүүлсэн ноос, түүхий эдэнд урамшуулал олгоно гэсэн байснаа өөрчлөөд 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс болгож хойшлуулсан. Үндэсний зарим үйлдвэрлэгчид хоршоотой байвал малчдаас түүхий эдээ шууд авах, хамтран ажиллах боломжтой гэсэн. Түүхий эдийн анхан шатны ангилалтаа хоршооны малчид өөрсдөө хийхэд нь тусалж, үнэ төлбөргүй сургалт явуулж болно гэж байсан. Бид түүхий эдээ ямар нэг дамжлагагүй үйлдвэрт шууд нийлүүлэх зорилготой. Үйлдвэрүүд анхан шатны ангилан ялгалт хийхэд түр ажлын байр гаргаад, нэлээд их мөнгө зардаг юм байна. Хэрэв малчид суурь дээрээ ноолуураа гэхэд л дөрвөн өнгө, шүдлэн, эр, эм ямааных гэж ялгаад үйлдвэрт өгвөл түр ажлын байранд өгдөг мөнгөө малчдын ноолуурын үнэ дээр нэмээд өгье гэсэн санал гаргаж байсан. Дундын зуучлагчдын малчдаас авсан үнэ, үйлдвэрт өгсөн үнэ хоорондоо их зөрүүтэй байгаа. Засгийн газраас ч үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, малчдын орлогыг нэмэгдүүлье, дамжлагагүй болгоё гэсэн бодлого баримталж байна. Өнөөдөр мах гэхэд 3-4 дамжлагаар үйлдвэр, хэрэглэгчдэд хүрдэг.

Үндэсний үйлдвэрлэгчидтэй нүүр тулж уулзаж ярилцсан уу. Хоршоог хэр дэмжих хандлагатай байна?
Уулзсан. Оюу Толгой компаниас зохион байгуулж, Ханбогд, Манлай, Баян-Овоо сумын хоршооны дарга, төлөөлөгчид, мал аж ахуйн мэргэжилтнүүдийг үндэсний дөрвөн үйлдвэр, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн 7 хоршоотой танилцуулсан. Энэ аялал нэлээд үр дүнтэй болсон. Үйлдвэрүүд ч ерөнхийдөө нааштай хандах чигтэй.

Танай хоршооны ажил өнөөдөр хэр эрчимтэй явагдаж байна?
Хоршоодыг малаа мал эмнэлгийн анхан шатны эрүүлжүүлэх, угаалгах ажил хийлгэх, баталгаат агуулгатай байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Манай багт мал угаалгын ванн, чулуун хашаа байсан. Би багийн дарга байхдаа бариулж байлаа. Тэрийг хүн хувьчилж аваагүй, хүмүүс адуугаа хашаад, нэлээд нурсан байсан. Манай хоршооныхон дундын хөрөнгөөс 300 мянган төгрөг гаргаад тэр хашааг барьж, сэргээж байна. Булаатай байгаа ванныг гаргачихвал малаа угааж эхэлнэ. Малчдыг малдаа угаалга, туулгалт вакцин хийлгэх, үхэртээ гуурын боловсруулалт хийлгэсэн бол арьс, ширэнд урамшуулал олгоно гэж байгаа. Эхлээд хоршооны айлуудын бүх малыг угаалга, туулгалтанд хамруулна. Малчин бүрт мал эмнэлгийн дэвтэр бий. Тэр дэвтэртээ бичилт хийлгэж, малын эмчээрээ тамга даруулах ёстой. Сумын Засаг даргаас агуулах барих газар олгож өгөөч гэж хүссэн байгаа. Шийдэх талаар бодож үзье гэсэн. Агуулахын дээврийг сумаас гаргах, ханын материалын үнийг сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид шийдэж өгнө гэсэн. Оюу Толгой компани мөнгө гаргаж, мал угаалгын хашааны ойролцоо байгаа худгийг засаж өгсөн. Тэндээс мал угаах усаа зөөнө. Санаа нийлээд сайн ажиллавал болно. Ажил маань ирэх оны эхнээс жигдрээд явчих байх. Оюу Толгой компани орон нутгийн малчдыг дэмжиж байгаа. Манай багт гаргасан худгууд сайн ажиллаж байна. Малчид сэтгэл хангалуун байдаг.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.