Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Монгол Улсад хөрөнгө оруулвал удаан хугацаагаар зорилгодоо үнэнч байхыг шаардана

Монгол улс, Улаанбаатар хот - Австрали улсад 'Mongolian Mining Summit 2013' буюу Монголын уул уурхайн дээд хэмжээний уулзалт 10 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Энэхүү уулзалтад Монголын уул уурхайн 14 компани, түүний дотор Оюу Толгой компанийн төлөөлөгчид оролцож Монгол Улсын төр засагтай холбоо харилцаагаа сайжруулах арга зам, орон нутгийн хүрээнд түншлэлийг хэрхэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх боломж, гарч болзошгүй хүндрэл бэрхшээл хийгээд тэдгээрийг даван туулах арга замуудын талаар мэдээлэл хийж, туршлагаасаа солилцлоо.

Уг дээд хэмжээний уулзалтад Оюу Толгой ХХК-ийг төлөөлөн тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх, Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Хьюстон Спенсер нар оролцов.

10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаан дээр ТУЗ-ийн дарга Г.Батсүх хэлсэн үгэндээ “Монголчууд бид өөрсдийгөө шаардлага гарсан үед шинэлэг шийдэл олж чаддаг хүмүүс гэж үздэг. Бид шинэ зүйлийг туршихаас айдаггүй, аливаа асуудалд прагматик байдлаар хандаж шийдвэрлэх гарц хайдаг. Байгалийн баялаг нь манай улсын хувьд зовлон биш, харин бэлэг болох ёстой гэдэгт бид итгэлтэй байна. Гэхдээ ардчилал өндөр хөгжсөн оронд энэ зорилтод хүрэхэд заримдаа тийм ч амар байдаггүй бөгөөд олон саад бэрхшээлтэй тулгардаг юм байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Тэрээр цааш нь “Эдгээр ололт амжилт, саад бэрхшээлийн хэлбэлзлийг үл харгалзан, урт хугацааны хандлага нь байнга нааштай байсан бөгөөд улам олон хөрөнгө оруулагчид манай улсын урт хугацааны бодит хандлага хийгээд тэвчээртэй, тууштай байснаар ямар үр дүнд хүрэх боломжтойг ойлгон мэдэрч байгаа” гэв.

Харин 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан дээр Дэд ерөнхийлөгч Хьюстон Спенсер хэлсэн үгийнхээ эхэнд Оюу Толгой төсөл нь урт хугацааны төсөл болохыг онцлон тэмдэглэв.

Мөн “Өнгөрөгч хэдэн сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээг үзээд Монголд итгэх Рио Тинтогийн итгэл алдарч байна гэж та нар бодож байсан байх. Гэвч үнэн чанартаа тийм биш. Мэдээж шийдвэрлэвэл зохих асуудлууд бий. Гэхдээ Оюу Толгойд байгаа хүн бүрээс та зөвхөн өөдрөг сэтгэл, хүсэл тэмүүллийг л сонсох болно. Энэхүү өөдрөг байдал юуг илтгэж байгаа вэ гэвэл макро түвшинд байдал өөрчлөгдөөгүй хэвээр байна. Манай төсөл бол олон үеийг хамрах урт удаан хугацааны төсөл учир бидний бодит үнэ цэнийг тухайн нэг цаг үеийн хэмжүүрээр хэмжих нь учир дутагдалтай болно” гэсэн юм.

Тэрээр цааш нь “Оюу Толгойн туршлагаас авах маш энгийн нэгэн сургамж бол Монголд хөрөнгө оруулалт хийх нь асар урт хугацааны итгэл үнэмшил шаардагдана. Оюу Толгойд гэрэлт ирээдүй бий. Өнөөдрийн энэ агшин бол урт удаан, амжилт бүхий түүхийн нэг л хором юм” хэмээн онцлов.

Энэхүү хоёр илтгэлийг англи, монголоор бүрэн эхээр нь дараахь холбоосоор орж үзнэ үү:

ТУЗ-ийн дарга Г.Батсүх

Дэд ерөнхийлөгч, Хьюстон Спенсер

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.