Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Өгүүлэл: Хамгийн сайн чаддаг зүйлээ бизнес болгосон Галбын говийн ногоочин

- Газар нь байна, үр нь байна, ургадаг л юм бол дуртай юмаа тарьж үзнэ -

Орчин цагт хүмүүс эрхэлсэн ажилдаа, эдэлж хэрэглэж байгаа юмандаа сэтгэл хангалуун байх нь тийм ч элбэг биш. Хийж буй ажилдаа сэтгэл хангалуун суугаа хүнийг харахад хэчнээн сайхан гээч. Ийм нэгэн хүнтэй Өмнөговь аймгийн Ханбогд суманд тааралдсан юм. Түүнийг Амарсанаагийн Тогоохүү гэдэг. А.Тогоохүү гуай 'Говийн шим' хөтөлбөрийн ачаар арваад төрлийн ногоо тарьж, түүнийхээ үр шимийг үр хүүхэддээ үзүүлэхээр ногооны талбайд өдрийг өнгөрүүлж суугаа ажээ. Залуу байхдаа мал маллаж, өвөлжөө хаваржааныхаа бууцанд янз бүрийн ногооны үр тарьж туршиж үзэх дуртай байсан гэнэ билээ. Ногоо тарих их дуртай байсан, одоо л дуртай юмаа хийж суугаа Тогоохүү гуайтай хэсэгхэн хуучилж суухдаа, өдий насны эмэгтэй хүн нар салхинд гандаж ингэж суух нь жаргал байдаг юм байх даа гэж бодож амжсанаа нуугаад яах вэ. Тэрбээр 50 насны босгыг алхаж яваа, яриа хөөрөө, ааш зан сайтай эмэгтэй. Биднийг очиход ач хүү нь хормойноос нь бараг л зүүгдчихсэн, ногооныхоо талбайд шуудуу гаргаж суусан. Ханбогд сумын төвийн зүүн хойхно 15 га талбайд төмс, сонгино, өргөст хэмх, улаан лооль, шийгуа, хулуу тарьсан ногооны талбай бий. Тэнд л Тогоохүү гуай энэ зунаас эхэлж дуртай ажлаа хийж, хайртай хүүтэйгээ цагийг өнгөрөөж байгаа гэсэн. Тэднийх Төв аймгийн Жаргалант сумын бэртэй. Бэр нь жинхэнэ ногоотой газрын хүн гэсэндээ хадам ээждээ зөвлөгөө өгдөг гэж байгаа. Өргөст хэмхийг хүлэмжинд, гадаа хоёр янзаар тарьж туршиж байгаа, мөнгөний мод тарьснаа, улаан лооль, өргөст хэмх нь яаж ургаж байгааг үзүүлэхдээ их л уриалгахан байсан. 'Говийн шим' хөтөлбөрөөс долоон сая төгрөгийн зээл авч, энэ жил анх удаа өөрийн гэсэн талбайд, тарьж ургуулъя гэж бодсон бүхнээ суулгаж, арчилж байгаа аж. А.Тогоохүү эгч хамар дээр нь бурзайсан хөлсөө шудрах зуур гар нь үргэлж л хөдөлж, нэг юмыг янзалж, тордож байдаг ажилсан эмэгтэй. Тарьсан ногоог нь шувуу тоншоод зүгээр байлгахгүй болохоор нь гялгар уутаар жижиг жижиг мануухай босгочихсон байсан. Ил задгай талбайд мал хуй орж сандаргах гээд жаахан төвөгтэйг эс тооцвол ногоо тарих бүх боломж бололцоог нь 'Говийн шим' хөтөлбөрийнхөн буюу Оюу Толгой компанийнхан хангаж өгчээ. Усалгаа, ногооны үр, хүлэмж, салхины хамгаалалт гээд ногоогоо тарьж ургуулахаас бусад бүх ажлыг нь бэлдээд өгчихсөн болохоор А.Тогоохүү эгчид одоо өөр юм хэрэггүй гэнэ билээ. Аяндаа газрын шимийг амсаад ирвэл ирэх жилээс хүүхдүүд маань өөр бодолтой болох байх гэж найдаж суугаагаа нуугаагүй. Тэдний хүүхдүүд сумын төвд, бүгд ажил албатай болохоор ээждээ төдийлөн туслаад байж чадахгүй ч хааяа тус нэмэр болох нь бий. “Ач, зээ нар орчин үеийн хүүхдүүдийн жишгээр гар утас, компьютер гээд ногооны талбай руу нь барагтай бол зүглэдэггүй. Харин энэ муу жаахан амьтан л намайг хормойдож явдаг юм” гэж тэрбээр ярьж байсан. Анх удаа ийм том талбайд янз бүрийн ногоо тарьж үзэж байгаа болохоор эхэндээ ногоогоо хатаачих гээд туршлагагүйтсэн гэж байгаа. А.Тогоохүү эгч Ханбогд сумын унаган иргэн. Залуудаа мал эмнэлэгт ажиллаж, хувийн хэдэн мал маллаж байсан юм билээ. “Одоо газар нь байна, үр нь байна. Ургадаг л юм бол дуртай юмаа тарьж үзнэ. 'Говийн шим' хөтөлбөр бидэнд маш их үр өгөөжөө өгч байгаа. Би нэг хэсэг энэ хөтөлбөрийн тусламжтайгаар шахмал түлш хийх гэж үзсэн. Чадахгүй юм билээ. Хүнд хийж чаддаг юм, чаддаггүй юм гэж байдаг юм байна. Надад 'Говийн шим' хөтөлбөрийнхнөөс өөр тусалж дэмжээд байх хүн байхгүй ээ” гэж тэрбээр хуучилсан. “Чи манай ногооны талбайгаар явж үзээч. Алив хоёулаа хүлэмж рүү оръё. Бидний тарьж байгаа өргөст хэмх, улаан лоолийг хар даа” гэхчлэн ам хуурай байсангүй. Ирэх жил А.Тогоохүү эгч бүр их ногоо тарина гэж байсан. Эцэст нь А.Тогоохүү эгч “Би жинхэнэ хийх ёстой ажлаа олоод авчихсан. Их сайхан буянтай ажил эхэлсэн гэж бодож байгаа. Найз маань Дорноговиос надад шийгуаны үр явуулсан. Тарьж үзсэн. Чи тэрийг хар даа. Сайхан ургасан байгаа биз дээ. Энд ногоо тарьж байгаа арав гаруй хүн нийлээд нэг нөхөрлөл хоршоо болж байгаа. Одоохондоо хоршоондоо нэр өгөөгүй байгаа. Айл бүр арваад төрлийн ногоо тарьсан. Ер нь манай энд ногоо тарьдаг айлууд олон бий. Ажилгүй хүн бараг л байхгүй” хэмээн ярьсан юм. Ажилтай, ааш зан сайтай эмэгтэй хүн цаанаа л өөр. Бид хоёрыг ногооны талбайгаар явж байхад зөөлөн бороо шивэрч, бүлээн салхи сэвэлзээд сайхан байсан. Үнэндээ тэндээс явмааргүй л санагдсан шүү. “Их говийн зоригтон хүмүүс” гэж ийм л хүмүүсийгхэлдэг ажээ.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.