Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Илтгэл: Оюу Толгой бусад олон салбарт шууд болон шууд бусаар нөлөөлж байна

- 'Хүчирхэг аж үйлдвэрийг хөгжүүлэх нь' илтгэл тавилаа -

Монгол улсын Уул уурхайн яам болон Mining.mn байгууллагаас зохион байгуулсан 'Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын хоёрдугаар чуулган' өнөөдөр буюу 11 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, тэдний сонирхлыг хөтлөх замаар эдийн засгийн өсөлт хөгжлийг бий болгоход маш чухал үүрэг гүйцэтгэдэг энэ төрлийн хурал чуулганд Оюу Толгой ХХК идэвхтэй  оролцож ирсэн. Энэ удаагийн чуулганд Оюу Толгой ХХК 'Алтан' ивээн тэтгэгчээр оролцож байгаа юм.

Энэхүү чуулганд Оюу Толгой ХХК-ийг төлөөлж тус компанийн дэд Захирал Т.Мөнхбат оролцож 'Хүчирхэг аж үйлдвэрийг хөгжүүлэх нь' илтгэл тавилаа.

Тэрбээр илтгэлдээ “Ойрын ирээдүйд Монголын төдийгүй дэлхийн эдийн засагт эрдэс баялгийн салбар томоохон байр суурийг эзлэх нь тодорхой байгаа энэ цаг үед хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх буюу бусад аж үйлдвэрийн салбарт анхаарлаа давхар хандуулах зүйтэй юм. Энэ ч утгаараа Монголын хамгийн том уурхайн төсөл болох Оюу Толгойн зүгээс зөвхөн уул уурхай салбарыг хөгжүүлээд зогсохгүй бусад салбаруудад үр өгөөжөө шууд болон шууд бусаар өгч байгаа” гэсэн юм.

Энэхүү илтгэлийн бүрэн эхийг энд дарж үзнэ үү.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.