Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Өмнөговь аймгийн Ханбогд сум байнгын эрчим хүчтэй боллоо

- Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг төрийн өмчид хүлээлгэн өглөө -

Монгол улс, Өмнөговь аймаг - Улсын хэмжээнд эрчим хүчинд холбогдоогүй үлдсэн цөөхөн сумын нэгд тооцогдож байсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын ард иргэдийн хувьд өнөөдөр баярт өдөр тохиож байна. Учир нь тус сумын байнгын эрчим хүчний асуудал бүрэн шийдэгдлээ.

Оюу Толгой уурхайгаас Ханбогд сумын хооронд 40 км урт, 35 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станцын туршилт, тохиргооны ажил дуусч өнөөдөр Улсын комисст хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ Ханбогд сумд болов.

Оюу Толгойн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан цахилгааны шугам, дэд станцын барилга байгууламжийн өмчлөх эрхийг “Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК-д шилжүүлж, тус байгууллагатай хамтран ажиллах гэрээнд талууд гарын үсэг зурсан юм.

Ёслолын үеэр Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх “Оюу Толгой, Ханбогд сум хоёрын түүх салшгүй холбоотой, хөрш зэргэлдээ оршиж ирсэн билээ. Өнөөдөр Оюу Толгойн хөрөнгө оруулалтаар барьсан цахилгаан дажуулах шугам, дэд станцын барилга байгууламжийг төвийн, аймгийн, орон нутгийн байгууллагуудад нь хүлээлгэн өгч байгаадаа туйлын баяртай байна. Эрчим хүч дагаж ирдэг хөгжлийн тухай ярих нь илүүц биз. Өнөөдрийг хүртэл бидний ажилд тус дэм үзүүлж ирсэн Ханбогдчууддаа баярлалаа” гэж хэллээ.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хэлэхдээ “Оюу Толгой ХХК-ийн санаачилга, хөрөнгө оруулалтаар хийсэн энэхүү бүтээн байгуулалт үндсэндээ 110 кВ-ын хүчин чадалтай. Харин одоогийн Ханбогд сумын хэрэглээ нь 35 кВ бөгөөд хүн ам нь тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа сум. Ийм бүтээн байгуулалтыг хийж Ханбогд сумыг цахилгаан эрчим хүчээр хангаж өгсөнд Эрчим хүчний сайдын нэрийн өмнөөс болон Эрчим хүчний яамны нэрийн өмнөөс Оюу Толгой ХХК-д талархал илэрхийлж байна” гэсэн юм.

Өмнийн говьд уул уурхай эрчимтэй хөгжихийн хэрээр энэ бүс нутагт хүн амын тоо өсч, зах зээл тэлсээр байна. Цахилгаан дагаж хөгжил гэдэгчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх, ажлын байр нэмэгдүүлэх, амьдралынхаа ая тухыг сайжруулах боломж гарч буйд Ханбогдчууд сэтгэл өндөр байна.

Нийт 7,6 тэрбум төгрөгийн өртөг бүхий цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих ажлыг манай үндэсний компаниуд гүйцэтгэсэн бөгөөд товлосон хугацаандаа хүлээлгэн өгчээ. Дашрамд дурьдахад, энэхүү агаарын шугам нь орчин үеийн шийдлээр хийсэн шувуу үргээгчтэй, байгальд ээлтэй байгууламж юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.