Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Крейг Киннел "Оюу Толгойг хүчирхэгжүүлэх нь амжилтын шалгуур"

- Оюу Толгой ХХК-ийн шинэ Гүйцэтгэх ерөнхий захирал өөрийн зорилтоо тодорхойлов -

Хонконг - Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Крейг Киннел үйл ажиллагааныхаа зорилтыг хэрхэн тодорхойлсоноо өнөөдөр тайлагнав.

Тэрээр дараахь дөрвөн чиглэлд анхаарлаа төвлөрүүлэн ажиллахаа мэдэгдсэн юм. Үүнд: хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, төслийн үр ашиг, үйл ажиллагаандаа нийгмийн дэмжлэгийг авах болон бизнесийн цаашдын өсөлтийг хангахад чиглэсэн бэлтгэл ажлууд болно.

Ноён Киннел үүрэгт ажлаа хэрэгжүүлж эхэлсэнээс хойш анх удаа албан ёсоор үг хэлж байгаа бөгөөд тэрээр Хонконгд болж байгаа Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцож байгаа юм.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр:

Ажиллагсдынхаа аюулгүй ажиллагааг бид нэн тэргүүн зорилтоо гэж үздэг. Ашиг орлогыг нэмэгдүүлэх эсвэл бизнесийн өндөр ач холбогдолтой байлаа ч хөдөлмөр эрхлэгчдийн аюулгүй ажиллагаанд эрсдэлтэй алхамыг бид хэзээ ч хийхгүй. Аливаа ажлыг осол авааргүй хийх боломжгүй нөхцөлд тухайн ажлыг бид зогсоох болно.

Бизнесийг оновчтой болгож, түүний үнэ цэнийг эрс нэмэгдүүлэх чиглэлээр:

Бүтээгдэхүүнээ уурхайгаас гарган хэрэглэгчдэд хүргэхэд зарцуулсан хичээл зүтгэл, эрч хүчээ бид үйлдвэрлэлийн үр ашгийг тогтвортой байлгаж, улмаар нэмэгдүүлэх шинэ зорилго, зорилтод чиглүүлэх нь нэн чухал. Гэхдээ олон тэрбум ам.долларын өртөг бүхий цогцолборыг ашиглалтад оруулж ямар ч хүндрэл бэрхшээлгүйгээр жигд ажиллуулна гэдэг боломжгүй зүйл. Манай төслийн хувьд анхны өвлөө өнтэй давах нь хамгийн том сорилт байх болно. Энэ бол амаргүй ажил.

Үйл ажиллагаандаа нийгмийн дэмжлэгийг бэхжүүлэх чиглэлээр:

Өмнийн говийн ард иргэдтэй харилцан ойлголцож хамтран ажиллахад асар их цаг хугацаа зарцуулах шаардлагатай. Манай компанийн үйл ажиллагааны талаар тэд илүү ихийг мэдэхийг хүсч байна. Хамгийн чухал нь, бид тэдэнтэй хамтран ажиллаж санал хүсэлтийг нь сонсон хүлээн авч байна гэдгийг бодитоор харуулах ёстой. Бид хүлээсэн үүрэг амлалтдаа үнэнч хэвээр байгаа гэдгээ өмнийн говьд ч, Монгол улсын хэмжээнд ч монгол хүн бүрт нотлох учиртай.

Цаашдын өсөлт хөгжлийг хангах чиглэлээр:

Хэлэлцээр нааштайгаар шийдэгдэх өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ ололт амжилтыг дан ганц хурдаар хэмжиж болдоггүй. Он цагийн шалгуурыг давж чадахуйц, харилцан итгэлцсэн түншлэл дээр суурилсан, илүү сайн, илүү хүчирхэг Оюу Толгойг бий болгосноор амжилтыг хэмжинэ.

Тэрбээр цааш нь, Оюу Толгойн өмнө тулгарч буй хойшлуулшгүй зорилтыг тодорхойлохын сацуу Монголд нүүн ирж суурьшсан амьдралынхаа тухай болон Оюу Толгойн ирээдүйн олон арван жилийн түншлэлийн ач холбогдлын талаар онцолж ярилаа.

Энэ хүрээнд хэлсэн үгэндээ: “Миний хоёр дахь орон гэр болох Монгол улсын талаар, бас Монголын компанийг удирдахад ямар үүрэг, хариуцлагатай байвал зохих вэ зэрэгт суралцах зүйл олон байна. Энэхүү сэтгэл хөдлөл, уламжлал, хүсэл тэмүүллээр дүүрэн оронд эхнэр, охиныхоо хамт шинэ амьдралаа эхлүүлж байгаадаа би туйлын их баяртай байна” гэжээ.

Оюу Толгойн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр: “Манай хувь нийлүүлэгчид Засгийн газар, Туркойз Хилл, Рио Тинто гэж биш харин Оюу Толгой гэдгээрээ нэгдэж алдаа оноог хамтдаа хуваалцах учиртай. Эдүгээ Монгол улс эдийн засгийн хүндрэлтэй тулгарч байгаа ч дэлхий нийтээрээ Оюу Толгойн юу бүтээж чаддагийг харж байна.

Манай ажилчид Оюу Толгойг ойлгож, хүлээн зөвшөөрдөг шиг олон нийтийн дэмжлэгийг авахын тулд мөн бидний бий болгосон түншлэлийг дээд зэрэгт хүргэхийн тулд биднээс маш их хүчин чармайлт, хичээл зүтгэл шаардах болно.

Ирэх он жилүүдэд зорилгодоо ийнхүү үнэнч тууштай байж, хүчин чармайлт гарган ажилласнаар Оюу Толгойг дэлхийн хэмжээний Монголын амжилтын түүх мөн гэдгийг биднийг хамгийн их шүүмжилдэг шүүмжлэгчдэд хүртэл батлан харуулах болно” гэв.


Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх ерөнхий захирал Крэйг Киннел-н хэлсэн үгтэй бүрэн эхээр нь танилцана уу.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.