Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Өгүүлэл: Саахалт малчидтайгаа санаа нэг Оюу Толгойчууд

- Гурван сумын нутагт 27 гар худаг, 12 гүн өрмийн худаг зассан байна -

Говьд бүтээн байгуулалт өрнөж байна. Гэхдээ ямар нэг байшин барилга, дэд бүтцийн тухай ярих гээгүй. Уст цэг сэргээх, бэлчээр усжуулах ажил. Энэ уламжлалт ажил сүүлийн жилүүдэд хөрөнгө мөнгө, хүн хүчээс шалтгаалаад манай улсад бараг мартагдах шахжээ. Өнөөдөр говийн малчдад бэлчээр байгаа ч худаг уснаас шалтгаалаад ашиглаж чаддаггүй. Үүнийг шийдэхээр Оюу Толгой компани 'Бэлчээрийн менежментийн хөтөлбөр'-ийнхөө хүрээнд, эвдэрч ашиглалтгүй болсон хуучин худгуудыг засч сайжруулах, сэргээх ажил хийж байна. Говийн малчид голдуу гар худаг ашигладаг бөгөөд дарагдсан худгаа сэргээн, засаж уст цэгээ нэмэгдүүлэх ажлыг хөтөлбөртэй хамтран хийх санал, санаачилга гаргадаг. Өнгөрсөн 2011-2012 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчдын 38 гар худаг, хоёр хөвийг Оюу Толгой компанийн санхүүжилтээр сэргээн зассан бөгөөд орон нутгийн малчид, иргэд ч талархан хүлээн авчээ. Тиймээс энэ жил үйл ажиллагааны хүрээгээ тэлж Манлай, Баян-Овоо сумыг энэ хөтөлбөрт хамруулж, эдгээр гурван сумын нутагт 27 гар худаг, 12 гүн өрмийн худаг зассан байна. Оюу Толгой ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн хэлтсийн Бэлчээрийн менежментийн хөтөлбөрийн ажилтан Л.Баярбаатар “Энэ ажлыг Бэлчээрийн менежментийн хөтөлбөр, орон нутгийн малчид, сумын захиргаа , мэргэжлийн компаниуд хамтран гүйцэтгэлээ. Үүний үр дүнд малчдын усан хангамж сайжирч байна.. Гүн өрмийн худагт мэргэжлийн байгууллага ундарга, түвшинг нь тодорхойлсон паспорт гаргаж өгдөг” хэмээн ярилаа.

Энэ жилийн хувьд малчид багийн даргадаа засуулах худгийн хүсэлтийг гаргаж, хэдэн онд эвдэрч дарагдсан, бэлчээрийн нөхцөл, хэдэн айлын мал услах боломжтой зэргийг харьцуулан хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрч, багийнхаа хурлаар хэлэлцэж баталсан аж. Баян-Овоо сумын нутагт шинээр гаргасан худаг дээр очиход малчид малаа усалж байлаа. Тус сумын малчин Ц.Энхтайванаас сэтгэгдлийг нь асуухад “Ундарга сайтай, элбэг устай худагтай боллоо. Малчид үр шимийг нь хүртээд эхэлсэн. Малчдад үнэхээр хэрэгтэй ажил болжээ. Бид ч их баяртай байна” гэлээ.

Худгийн зарим нь 50-60 жил эргүүлж хаших ямар нэг ажил хийгээгүй байна. Бас хашилтын хана нь нурж дарагдсан, усны түвшин буурч, ундарга нь муудсан худаг ч цөөнгүй байжээ. Тиймээс бүрэн дарагдсан худгийг малтаж, хашилт, шүүр, хамгаалалт, давхарлалт хийх зэрэг ажлуудыг технологийн дагуу хийж байна. Малчид өөрсдөө худаг гаргах ажилд идэвхтэй хяналт тавин оролцож байгаа аж. Худгаа засуулж байгаа Ханбогд сумын Баян багийн малчин Б.Дэлгэрсүрэнтэй уулзахад “Говьд худгийн хэрэгцээ их бий. Эвдэрч дарагдсан худгуудыг малчид өөрсдөө засварлахад үн хүч, техник тоног төхөөрөмж, хөрөнгө мөнгөний хувьд бэрхшээлтэй байдаг. Их хэрэгтэй ажил боллоо” гэж байв.

Худаг сэргээн, засварлах ажлыг 'Ус эрдэнэ', 'Геомандал' 'Болор ус' зэрэг мэргэжлийн компаниуд гэрээгээр гүйцэтгэж байгаа аж. Эдгээр компанийн нэг 'Ус эрдэнэ' ХХК-ийн мастер Ц.Баттулга “Бид худгаа сэргээн зассаны дараа хэрхэн арчилж, хамгаалах талаар гарын авлага малчдад өгч байгаа. Үүнээс гадна малчдын хүсэлтээр үер, элсний нүүдлээс худгаа хамгаалсан далан байгуулж өглөө. Мөн гүн өрмийн худагт 10 жилийн баталгаа гаргаж байна” гэж ярилаа.

Худаг засах ажлын үр дүнгийн талаар Ханбогд сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Д.Хүрэлбаатар “Малчид ашиглаж байсан худгуудынхаа нэгийг нь дарагдахаар, нөгөө худгаа тойроод жилийн гурван улиралд малаа бэлчээрлүүлдэг. Ингэхээр бэлчээрийн талхагдал нэмэгдэнэ. Дарагдсан худгийг нь сэргээн зассанаар отор нүүдэл хийж, бэлчээрээ сэлгэж ашиглах боломж бүрдлээ” хэмээн тайлбарлаж байсан юм.

Оюу Толгой компанийнхан ийнхүү малчидтай санаа нэгдэн, говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худаг, ус гаргах ажил хийж байна. Хэдийгээр ийм ажил цаг хугацаа шаардсан, өртөг зардал өндөр ч Оюу Толгой компанийнхан үр өгөөжийг нь илүү чухалд тооцсон хэрэг. Бэлчээр, устай байвал мал өснө. Малчид малтай байвал орлоготой байж, амьжиргаа нь дээшилнэ гээд эдийн засгийн талаасаа ч энэ ажил олон талын ашигтай.

Монголчууд 'Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг' гэж ярьдаг. Тэгвэл энэ үгийн утга биелэлээ олж Оюу Толгой компани ч саахалтын малчидтайгаа санаа нэгтэй ажиллаж байна. Цаашдаа олон талаар санаа нийлнэ биз ээ.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.