Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Говьсүмбэр аймагт Политехникийн коллежийн өргөтгөл, оюутны байр нээгдлээ

- 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий тус сургууль нэг ээлжиндээ 950 оюутан сургах хүчин чадалтай -

Монгол Улс, Говьсүмбэр аймаг - Аливаа улсын хөгжилд боловсролын салбар тэргүүлэх үүрэгтэй байдаг. Тиймээс Оюу Толгой ХХК Монгол улсын мэргэжлийн боловсролын салбарт 168 тэрбум төгрөгийн томоохон хөрөнгө оруулалт хийж байна. Энэ хөрөнгө оруулалтынхаа хүрээнд 3.8 тэрбум төгрөгөөр Говьсүмбэр аймаг дахь Политехникийн коллежийн байрыг өргөтгөн, оюутны байрыг нь шинэчилж, өнөөдөр хүлээлгэн өглөө. Нээлтийн ажиллагаанд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр, Политехникийн коллежийн захирал Г.Энхбат болон Оюу Толгой ХХК-ийн холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Энэ үеэр Оюу Толгой ХХК-ийн Хүний нөөц, сургалт эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Майкл Бек “Говьсүмбэрийн Политехникийн Коллеж нь бүс нутгийн хэмжээнд үйлчлэх Уул уурхайн жишиг сургууль боллоо. Сүмбэр сумынхан улсын хэмжээний жишиг сургуультай болсоноороо бахархах бүрэн эрхтэй. Сүмбэрийн залуучууд Монголын уул уурхайн салбарын ирээдүйн удирдагч нар болох боломжтой боллоо” гэв.

Политехникийн коллежийн захирал Г.Энхбат хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар, Оюу Толгой ХХК-н хамтран хэрэгжүүлж буй мэргэжлийн сургалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд шинээр баригдаж буй гурван жишиг сургуулийн нэг нь манай сургууль. Сургалтын иж бүрэн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж сургалтын таатай орчин бүрдлээ. Бас нэг чухал алхам нь Оюу Толгойн аюулгүйн стандартыг хэрэгжүүлсэнд оршино. Энэ бүхний үр дүнд манай сургууль Монгол Улсад төдийгүй бүс нутагтаа зөвшөөрөгдсөн сургууль болох зорилт тавьж байна” гэсэн юм.

Политехникийн коллежийг ийнхүү өргөтгөснөөр 950 оюутан хүлээн авах хүчин чадалтай болжээ. Мөн оюутны байрны зориулалтаар үл хөдлөх хөрөнгө худалдан авч, иж бүрэн зассан бөгөөд 250 оюутан тохилог орчинд амьдрах боломж бүрдэж, 30 багшийн орон сууцны асуудлыг шийдсэн юм. Түүнчлэн бүх төрлийн спортын уралдаан, тэмцээн, биеийн тамирын хичээл явуулах боломжтой олон улсын стандартын шаардлага хангасан тоноглолтой спорт, урлагийн заал хүлээлгэн өгсөн.

Ёслолын арга хэмжээний үед Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр хэлсэн үгэндээ “Монгол Улс баялгийнхаа үүцийг нээсэн энэ үед дэлхийд өрсөлдөхүйц өндөр ур чадвартай уул уурхайн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд манай Политехникийн коллеж хувь нэмрээ оруулах нь дамжиггүй” хэмээн онцлон тэмдэглэв.

Политехникийн коллежийн өргөтгөл болон спорт, соёлын төвийг 'Өрнөл Проект' болон 'Баян Марз' компанийн 300 орчим Монгол барилгачид Оюу Толгойн аюулгүйн стандартын дагуу барьжээ.

Дашрамд дурдахад, Оюу Толгой ХХК өнгөрсөн хугацаанд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд Техникийн сургалтын төв, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Политехникийн коллежийн өргөтгөлийн барилга, оюутны дотуур байрыг ашиглалтад оруулж, Орхон аймгийн Технологийн сургуульд хөрөнгө оруулалт хийсэн байна. Улаанбаатар хотын Налайх дүүрэгт баригдаж буй Техник технологийн орчин үеийн жишиг сургууль ч удахгүй үүдээ нээнэ. Үүнээс гадна 21 аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг техник, тоног төхөөрөмжөөр хангаж, 1,200 багшийг сургаж байна. Эдгээр сургуулийн оюутнууд амжилттай суралцаж, мэргэжил эзэмшин Оюу Толгой болон Монголын томоохон бүтээн байгуулалтуудад гар бие оролцож байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.