Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой компани тэмээний ноосон бүтээгдэхүүний 'Галбын Говь' брэндийг бий болгоно

Монгол улс, Улаанбаатар хот - 'Оюу толгой' компанийн Бүсийн хөгжил, нийгмийн хэлтсээс хэрэгжүүлдэг 'Орон нутгийн бизнес эдийн засгийг дэмжих' хөтөлбөрийн хүрээнд тэмээний ноосон бүтээгдэхүүний шинэ брэнд бий болгох санаачилгын хүрээнд өнөөдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд "Монголд үйлдвэрлэсэн тэмээний ноосон бүтээгдэхүүн" танилцуулга боллоо.

Тэмээний ноосон бүтээгдэхүүний шинэ брэнд бий болгох санаачилгын дагуу 'Оюу Толгой компани уурхайтайгаа ойролцоо орших Ханбогд, Манлай, Баян-Овоо болон Даланзадгад сумын тэмээн сүргийн ашиг шимийг эцсийн бүтээгдэхүүн болгох, нэмүү өртөг шингээх үе шатыг тодорхойлж, өртгийн сүлжээний зураглал бий болгох, өртгийн сүлжээнд оролцогчдын харилцан хамаарлыг илрүүлэх зорилгоор өргөн хүрээтэй судалгааны ажлыг санхүүжүүлэн 'Гэрэгэ партнерс', 'Нутаг түншлэл' компанид захиалан хийлгэсэн юм. Энэ хоёр компани дээрх судалгааг энэ оны эхний хоёр сард багтаан гүйцэтгэсэн юм.

'Орон нутгийн бизнес эдийн засгийг дэмжих' хөтөлбөрийн хүрээнд 'Галбын говийн улаан' омгийн тэмээний ноосоор шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр туршиж байна. Тэмээний ноосыг ангилан ялгах, угаах, хялгасыг ялгах, будах, холих, утас ээрэх, сүлжих, нэхэх, оёх, гүйцэтгэн боловсруулах, чанарын хяналтын зэрэг 10 гаруй дамжлагаар боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Оюу Толгой уурхайн орчмын Ханбогд, Манлай, Баян-Овоо сумаас бэлтгэсэн тэмээний ноосоор 'Сор кашмир' үйлдвэрт утас ээрч, “Монгол нэхмэл” компанид ноосон даавуу үйлдвэрлэн 'Блю скай', 'Говь' үйлдвэрт будаж байна. 'Денимон' компани үйлдвэрлэсэн анхны даавуугаар Оюу Толгой уурхайн ажилчдын зарим төрлийн ажлын хувцас оёж туршсан байна. Уг даавуугаар уул уурхай, барилга, дэд бүтцийн төслүүдийн ажилчдын хөдөлмөр хамгааллын болон ажлын хувцас хийх бүрэн боломжтой юм. Энэ даавуу цэвэр 100 хувийн ноосон бүтээгдэхүүн учраас хөнгөн зөөлөн, дулаан хадгалах, бат бөх, шатамхай бус чанараараа давуу талтай.

Манай улсын хэмжээнд жилд 1.2-1.3 сая тонн тэмээний ноос бэлтгэх нөөцтэй. Өмнөговь аймаг бол хоёр бөхт тэмээний өлгий нутаг. Ханбогд, Баян-Овоо сум 'Галбын говийн улаан' омгийн тэмээний нутаг. 'Галбын говийн улаан' нь нутаг орондоо зохицсон биеэр өсгөлүүн, ноосны гарц ихтэй. Өнгөрсөн оны эцсийн байдлаар Монгол улс 305,800 тэмээтэй байв. Үүний 32 хувь буюу 97.3 мянга нь Өмнөговь аймагт бий. Дээрх судалгаанд хамрагдсан дөрвөн суманд 35.8 мянган тэмээ байгаа нь Монголын тэмээн сүргийн 12 хувийг эзэлж байна. Нэг тэмээнээс дунджаар дөрвөн килограмм ноос авна гэж тооцвол Ханбогд, Баян-Овоо, Манлай сумынхан 130 гаруй тонн тэмээний ноос бэлтгэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, тэмээний ноосны ихээхэн нөөц байгаа хэрэг. 537 тэмээтэй Ж.Тогтохсүрэн Ханбогд сумын хамгийн олон тэмээтэй малчин юм. Тэдний торомны ноос 14.53 микронтой байгаа нь ноолуурынхтай бараг адилхан гэсэн үг. Эдгээр суманд тэмээний ноосыг чухалчлан үзсэний учир чухам энэ юм.

Бэлтгэж буй тэмээний ноосны 20-30 орчим хувийг Монголын үндэсний үйлдвэрүүд худалдан авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч дийлэнх нь ямар ч боловсруулалтгүйгээр экспортод гарч байна. Ийнхүү түүхий эдийг ямар нэг боловсруулалтгүй шууд гаргаснаас үүдэх алдагдсан боломжийн өртөг нь зөвхөн Ханбогд, Манлай, Баян-Овоо сумаас бэлтгэх тэмээний ноосны хувьд жил бүр 2-4 тэрбум төгрөгтэй тэнцэнэ гэсэн тойм судалгаа бий. Ийм хэмжээний мөнгийг эх орондоо үлдээх, үүгээр дамжуулан малчдын орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх боломж бүрдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Ингэж чадвал үндэсний үйлдвэрүүд малчдаас түүхий эдээ шууд авч, бэлтгэн нийлүүлэх, үндэсний стандартад нийцсэн даавуу болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын үйлдвэрлэгчдэд ажлын байр нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай. Оюуны өмчийн газраас “Говийн тэмээний ноос” газарзүйн заалтыг Монголын ноос, ноолуурын холбооны хүсэлтээр 2007 онд бүртгүүлж баталгаажуулснаар монгол тэмээний ноосон бүтээгдэхүүнийг газарзүйн гарал үүсэл, дагалдах давуу тал, онцлог содон, ховор шинж чанартай нь уялдуулах чухал алхам болсон юм. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Монгол ноосон даавуу", “Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл” төслүүдтэй харилцан уялдаатай ажилласнаар импортын бүтээгдэхүүнийг орлохуйц шинэ брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэж байна. Ингэснээр тэмээний ноосны эрэлт нэмэгдэж, үнэ өсөх, малчдын орлого нэмэгдэж, амьжиргаагаа дээшлүүлэхэд ихээхэн тус нэмэр болох юм.

Оюу толгой компани хэдхэн хоногийн өмнө 'Тэмээний ноос-шийдэл хайх нь' сэдэвт олон талт хэлэлцүүлгийг анхлан санаачилж санхүүжүүлсэн юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.