Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Нийтлэл: Улс төр судлаачаас уурхайн жолооч

'Оюу Толгой'-н уурхайд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс ажилладаг. Тэдний олонхи нь уул уурхайн мэргэжилтнүүд боловч энэ салбараас хол хөндий гэмээр мэргэжилтэн ч цөөнгүй бий. Тэдний нэгтэй уулзлаа. Түүнийг Сайханцэцэгийн Энхжаргал гэдэг. Тэрээр Оюу Толгойн ил уурхайд хүнд машин механизмын операторчоор ажилладаг. Галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй гал цогтой 28 настай эр дээ. Хонгор нутгийн унаган хүү. Гэр бүлтэй, эхнэр С.Бямбасүрэн нь “Голомт” банкинд ажилладаг. Хоёр хөөрхөн охинтой. Зургаан настай ууган нь орос сургуульд сурдаг, бага нь гуравхан сартай. С.Энхжаргал Баянхонгор хотын 'Талст' дунд сургуулийг 2004 онд төгсөөд МУИС-д элсэн оржээ. Дөрвөн жилийн дараа Монголын ууган их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр дүүргэв. Гэтэл будаг нь ханхалсан шинэхэн мэргэжилтнүүдэд таарч тохирох ажил тэр бүр олдсонгүй. Тэдний ангийнхны зарим нь багийн Засаг дарга, сэтгүүлч хүртэл хийж. С.Энхжаргалд ч ийм явдал тохиолдов. Ямар ажилгүй суугаад байлтай нь биш. Хувиараа ойр зуурын юм оролдож, хоёр жилийг үдэв. Нэг л явцгүй. Ийн байтал 'Оюу Толгой' компаниас “Оюунлаг хүмүүн Монголын баялаг” тэтгэлэгт хөтөлбөр зарласны дуулж, үзээд алдахаар шийджээ. Олон жил дунд сургуульд орос-англи хэлний багшаар ажилласан ээж нь ч хүүгийнхээ саналыг ихэд дэмжиж, “нэгэнт зориглон шийдсэн зорилгынхоо эцсийг нь хүртэл зүтгээд үзээрэй, хүү минь” гэж урам хайрласан байна. 'Оюу Толгой' компанийн тэтгэлэгт хөтөлбөрт багтах шалгуур хэдий өндөр ч их сургууль дүүргэсэн дээд боловсролтой хүнд боломжийн байлгүй яах вэ. Ийн дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт 300-гаад хүнээс эхний хэдэд багтаж, Орхон аймаг дахь Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд нэг жил суралцаж, хүнд машин механизмын операторчны мэргэжил эзэмшжээ. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдана гэдэг хувь хүний хувьд үнэхээр аз түшсэн ховор тохиолдол байлаа гэж С.Энхжаргал хэлж байна лээ. Арга ч үгүй биз. Уг хөтөлбөрт шалгарснаар сургалтын болон дотуур байрны төлбөр, орон нутгаасаа сургуульдаа ирэх, буцах замын зардал мэтийг 'Оюу Толгой' компани бүрэн даахаас гадна сар болгон 200 мянган төгрөгийн цалин авчихна. Танхимд үзсэн онолын хичээлээ уулын баяжуулах 'Эрдэнэт' үйлдвэрт дадлага хийгээд батжуулна. 2011 оны тавдугаар сарын 26 бол түүний хувьд хамгийн дурсгалтай өдрийн нэг аж. Чухам тэр өдөр С.Энхжаргал 'Оюу толгой'-н уурхайд анх хөл тавьжээ. Ийн улс төр судлаач залуу уурхайн жолооч болох нь тэр. Нэг сар дадлага хийгээд наадмын өмнөхөн ил уурхай гэдэг их айлын бүрэн эрхт гишүүн болов. Хонгор нутгийн залуу маань өнөөдөр 'Комацу 930E' гэдэг аварга хөлгийн жолоо мушгиж, өмнийн говьд өрнөж буй энэ зууны Монголын хамгийн том бүтээн байгуулалтад гар бие оролцож явна. Тэр энэ хувь заяандаа баярладаг гэж хэлж байсан. Улс төр судлаач мэргэжлээ аварга машины жолоочоор сольсондоо тэр огтхон ч харамсдаггүй, харин ч бахархдаг гэнэ лээ. Түүний жолооддог хөлөг 290 тонн хүдэр даах чадалтай, өөрийнхөө жинтэй нийлээд 500-гаад тонн болдог гэж байгаа. Тийм хүчирхэг техникийг чинь аварга гэхээс ч яах вэ. 'Комацу' хэдийгээр ийм аварга эд боловч дуу чимээ тусгаарлагч, ухрах камер гэх мэт аюулгүй ажиллагааны төрөл бүрийн төхөөрөмжөөр өвч тоноглосон, нэг ёсондоо ухаалаг машин гэж хэлж болох. Тэр ч байтугай ямар нэг эвдрэл гэмтэл гарвал тэр дорхиноо дохио өгдөг ид шидтэй. Ази тивд Монголоос өөр оронд ийм аварга машин байхгүй хэмээн ил уурхайн жолооч нар машинаа магтаж байв. Одоо 'Оюу Толгой'-н ил уурхайд хорь гаруй ийм 'Комацу 930E' бий. Аварга том машинд хүдэр ачдаг техник ч мөн аварга байлгүй яах вэ. 100 тонны даацтай шанага бүхий аварга цахилгаан экскаватор гурван удаа хутгаад л 'Комацу'-г дүүргэнэ гээд төсөөлөөд үз дээ. С.Энхжаргал ил уурхайд 28 хоног ажиллаж, 14 хоног амарна. 28 хоног ажиллахдаа өдөр, шөнийн гэсэн хоёр ээлжинд гардаг. Чөлөөт цагаараа сагс, волейбол тоглоно. Эдний баг сүүлийн хоёр жил уурхайн волейболын аварга цол хүртжээ. Байр сууц ая тухтай, хоол унд амт чанартай, цалин хөлс сайн, хувцсыг нь хүртэл үйлчилгээний ажилчид угаагаад өгчихдөг болохоор ямарваа зүйлд сэтгэл хоёрдолгүйгээр ажиллахаас өөр санаа зовох юмгүй. Нэг удаа ээлжинд гарахдаа 20 орчим рейс хийнэ. Нэг рейсээр дунджаар 250 тонн хүдэр зөөнө гээд тооцвол 5,000 тонн болно. Тэгэхээр 28 аварга 'Комацу' зөвхөн нэг ээлжинд хамгийн багаар бодоход 140 мянган тонн хүдэр тээвэрлэнэ. 'Оюу Толгой'-н баяжуулах үйлдвэр хоногт 100-110 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай юм. Үүнээс үзвэл, ямар ч тохиолдолд 'Комацу' машин баяжуулах үйлдвэрийг түүхий эдээр таслахгүй гэж нүүр бардам хэлэх эрхтэй гэсэн үг болж таарах нь. 2011 онд Технологийн сургуулийг цуг төгссөн 24 шижигнэсэн залуу өнөөдөр 'Оюу Толгой'-д ажиллаж буй. Тэд ил уурхайн хүнд машин механизмын анхны операторч гэдэг алдрын эзэд билээ. Тэд өнөөдөр өмнийн говьд гайхамшгийг бүтээж байгааг хараад бахархах сэтгэл үнэхээр төрсөн шүү.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.