Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: М.Дамдинжаргал "Энэ зууны Монголын хамгийн том бүтээн байгуулалтад оролцож буй бид хамгийн азтай хүмүүс"

'Оюу Толгой'-н баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин Мөнхжаргалын Дамдинжаргалтай ярилцлаа

Та аль нутгийн хүн бэ. Яаж яваад Оюу Толгойд хүрээд ирэв?
Дорнод аймгийн Баян-Уул сумынх. Нутагтаа дунд сургууль төгсөөд ХААИС-д оюутан болох санаатай хотод ирсэн юм л даа. Хүссэн сургуульдаа орсон ч гэр рүүгээ харимаар санагдаад, хөдөө хэдэн малтайгаа хоцорсон аав, ээждээ санаа зовоод буцлаа. Дараа намар нь цэрэгт татагдав. Нэг жил армид алба хаагаад манай нутагт үйл ажиллагаа явуулж байсан Хятадын хөрөнгө оруулалттай 'Шинь Шинь' компанид ажилд орлоо. Цайр, хар тугалга олборлодог компани байсан юм. Тэгж байтал Оюу Толгой компани мэргэжилтэй ажилчид бэлтгэл сургалтад бүртгэж байна гэсэн зар дууллаа. Ингэж л энэ компанитай амьдралаа холбох гараагаа эхэлсэн дээ.

Танай аймагт тийм сургалт зохион байгуулсан хэрэг үү?
Тийм. Тэгээд л аймгийн төв орж, өнөөх сургалтдаа бүртгүүлээд дараа нь шалгалт өглөө. Шалгалт авсан Оюу Толгой компанийн сургалтын алба, хүний нөөцийн ажилтнууд “тэнцсэн хүмүүстээ жич утсаар мэдэгдэнэ” гэлээ. Нутагтаа буцаж очоод хүлээгээд л, утсаа чагнаад л байлаа.

Их л хүлээж дээ. 'Чи тэнцсэн шүү' гэх чихэнд чимэгтэй сайхан үгийг хэдийд дуулав?
Удаагүй ээ. Гэхдээ л хүлээсэн хүнд цаг хугацаа их л удаан өнгөрдөг юм билээ. Нэг сайхан нартай өдөр утас дуугараад “тэнцсэн шүү, ирж эрүүл мэндийн үзлэгт ор” гэх нь тэр.

Тэнцсэн шүү гэх үгийг дуулаад аль хэр баярлав?
Өө жигтэйхэн их баярласан. Тэгээд Дорноддоо нэг жил засварчин механикийн мэргэжлээр суралцлаа. Сургалтын болон дотуур байны төлбөр, амралтаараа нутаг руугаа явах, сургуульдаа буцаж ирэх зардал зэрэг хамаг юмыг 'Оюу Толгой' компани дааж байсан юм. Дээр нь бас чамгүй хэмжээний цалинтай. Ингэж л ид залуу хорин хэдхэн насандаа Оюу Толгойтой холбогдсон хүн дээ, би.

Сургалтаа дүүргээд л шууд Оюу Толгойн уурхайд ажиллахаар ирсэн үү?
2012 оны зургадугаар сард анх Оюу Толгойд хөл тавьсан даа. Тэрхүү дурсгалт өдрийг яахин мартах билээ дээ. Тэр үед болсон хөгтэй ч гэмээр нэг явдал одоо ч санаанд тодхон байна.

Тэр хөгтэй ч гэмээр явдлаа дурсвал сонирхолтой биш үү?
Оюу Толгойн уурхайд ажиллахаар наашаа Улаанбаатар хот руу гарах болсон чинь мөнгө төгрөг хэрэг болно биз дээ. Хөдөө байдаг дүүдээ “ах нь уурхайд ажиллаж цалинтай болохоороо мөнгийг чинь буцааж өгнө өө” гээд нэг морийг нь гуйж авч, зарж мөнгө болгоод л наашаа гарсан даа.

Оюу Толгойд хөл тавиад төрсөн анхны сэтгэгдлээ хэлнэ үү?
Манай нутаг чинь харьцангуй уул, устай хангай газар шүү дээ. Гэтэл Оюу Толгойд ирэхэд хаашаа л харна, цэлийсэн тал, тэнгэрийн хаяа, газрын хязгаартай нийлчихсэн юм шиг санагдаад л. Халуун гэж жигтэйхэн. Зургадугаар сарын аравдын үе юм чинь аргагүй шүү дээ. Баяжуулах үйлдвэрийг барьж байсан хятад ажилчид ажилдаа гарах, буухдаа жагсаад л.

Тийм газар ирчихээд зориг шантрав уу?
Үнэнийг хэлэхэд анх “ийм газар яаж амьдарна даа” гэж бодогдсон шүү. Сургалтад хамрагдаж, дараа нь үйлдвэртэйгээ танилцлаа. Ийм аварга том бүтээн байгуулалтыг хүний гараар бүтээж байна шүү дээ гээд бодохоор бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж, тэнд ажиллах болсон хувь заяандаа баярлахаас яах вэ. Одоо ч эндхийн хүн боллоо доо. Өнгөрсөн зун гэхэд халууныг огт анзаарсангүй шүү дээ.

Баяжуулах үйлдвэрийн засварын алба ам бүл олуулаа юу?
Олуулаа. Надтай хамт Дорнодод суралцсан 60-70 засварын механикчид бараг бүгдээрээ энд ажиллаж байгаа. Эрдэнэтийн Технологийн сургууль төгссөн 20-30 засварчин бий. Улаанбаатар хот, Өмнөговь, Сэлэнгэ гээд аймгуудаас ирсэн хүмүүс ч байна.

Нутаг ус, гэр орноо санах юм уу?
Үгүй, тийм юм бодогдохгүй л юм. Тэгээд ч зах зээлийн нийгэмд ажил хийхгүй бол амьдрахад хэцүү шүү дээ. Залуу хүнд ажиллах шиг сайхан юм алга. Энэ зууны Монголын хамгийн том бүтээн байгуулалтад гар бие оролцож яваа бид хамгийн их азтай хүмүүс шүү.

Байр сууц тохитой биз дээ, өрөөндөө хэдүүлээ амьдардаг вэ?
Ажилчдын орон сууц тав тухтай, хоол унд элбэг хангалуун, амт чанар сайтай. Ер нь манай энд ажиллахад урамтай шүү дээ. Өрөөндөө хоёулаа. Засварчид гурван ээлжээр ажиллаж амардаг. Эндээ 28 хоног ажиллаад нутагтаа очиж 14 хоног сайхан амардаг. Биеийн тамирын танхим, фитнесийн өрөө, номын сан гээд чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх хамаг бүхэн бий. Интернэтээр хэрэгцээтэй мэдээллээ авч, зуугаад сувгаар телевизор үзчихнэ. Завсар чөлөөгөөр нь бие дааж англи хэл үзэж байгаа.

М.Дамдинжаргал бид хоёр ийн хөөрөлдлөө. Дараа нь Оюу Толгойн баяжуулах үйлдвэрийн флотацын механикийн ээлжийн ахлагч Б.Мягмаржавтай уулзлаа. Б.Мягмаржав бол М.Дамдинжаргалын дарга нь. Тэрээр өмнө нь 'Бороо гоулд'-д арваад жил ажилласан, Оюу Толгойд ирээд гурван жил болжээ. М.Дамдинжаргалаа их магтаж байна лээ. Бүхий л засвар үйлчилгээнд оролцдог, мал маллаж байсан хүн гэхэд аюулгүй ажиллагаа, ажил хийх соёлд хурдан суралцаж байгаа. Аливаа зүйлийг сурах чин эрмэлзэл, эв дүйтэй энэ тэр гээд л. Оюу Толгойтой ажил амьдралаа холбосон, Дорнод нутгийн хөвгүүн, эгэл жирийн засварчин М.Дамдинжаргалын маань ирээдүй хэчнээн өөдрөг, гэрэл гэгээтэй байна вэ.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.