Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Нийтлэл: Оюу Толгойн эрдэмтэн бүсгүйчүүд

Санжаагийн МЯГМАРСҮРЭН Улаанбаатар хотын унаган иргэн. Түүний аав УБТЗ-д машинист, ээж нь Улсын их дэлгүүрт нярваар олон жил ажиллажээ. Бага нас минь төмөр замтай салшгүй холбоотой гэж хэлж байсны учир энэ юм. Тэрээр ШУТИС-ийг геологийн зураглал, ашигт малтмалын эрэл хайгуулын мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсчээ.Оюутан байхдаа Галбын говьд Номгон, Хүрмэнтийн 1:200,000-ны зураглал хийхэд оролцож байж.

Будаг нь ханхалсан шинэхэн геологич ажлын гараагаа 'Каскадиа Монголиа' компаниас эхэлж, Сэлэнгийн Ерөө, Бугантын сав газарт алт, зэсийн хайгуул хийж байв. “Монголын хамгийн шилдэг гэгдэх 30-40 геологичтой хамтран ажилласнаар эрэл хайгуулыг чухам хэрхэн хийх талаар багагүй туршлага хуримтлуулж, жинхэнэ геологич болох эх суурь тавигдсан” гэж бахархангуй ярьж байна. Дараа нь 'Харродс минералз' компанид нэг хэсэг ажиллаж, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт мөн л алт, зэс хайж явжээ. 'Харродс минералз'-ыг Египетийн тэрбумтан Ал Файид үүсгэн байгуулсан юм. Түүнийг Монголд айлчлах үеэр нь уулзаж байснаа дурсч, их энгийн эелдэг хүн байна билээ гэж өгүүлж байна.

Эрэл хайгуулын их ажлын завсар чөлөөгөөр “Өмнөговь аймгийн Мушгиа худгийн эффүзив чулуулгийн петрологи, геохими” сэдвээр магистр хамгаалаад амжиж. Түүний мөрөөдөл бол сайн мэргэжилтэн болохын зэрэгцээ эрдмийн ажлыг зэрэгцүүлэн хийх хүсэл байв. Тэр эрдэм шинжилгээний цөөнгүй өгүүлэл бичиж, дотоод, гадаадын хэвлэлд нийтлүүлжээ. Эрдмийн ажлынхаа үр дүнг баталгаажуулахын тулд уулын баяжуулах 'Эрдэнэт' үйлдвэр, 'Айвенхоу майнз' зэрэг Монголд төдийгүй дэлхийд нэр хүндтэй компани болон Монгол-Канадын хамтарсан багаас хэрэгжүүлсэн цөөнгүй төсөлд идэвхийлэн оролцож байсан нь түүнд мэдлэг чадвараа сориход ихээхэн тус нэмэр болсон гэдэг. С.Мягмарсүрэн ШУТИС-ийн геологи, газрын тосны сургуульд гурван жил судлаач зөвлөх багшаар ажиллаж, залууст геологийн шинжлэх ухааны нарийн ширийнийг таниулах ариун үйлсэд зүтгэжээ. Чухам ийм учраас хос морьтой бүсгүй гэж хэлж болно.

Түүний амьдралын багагүй хугацаа Япон оронтой, тэр дундаа Тохокү их сургуультай холбоотой юм. Япончуудын хойд нийслэл хэмээн нэрлэдэг Сэндай хотод байдаг Тохокү их сургууль бол Японд төдийгүй дэлхийд нэртэй сургууль маань эхлээд тус сургуульд “Өмнөд Монголын Хьюго Даммит Cu-Au –ны порфирын ордын хүдрийн эрдсийн парагенезис” сэдвээр магистрын зэрэг хамгаалж, дараа нь уг сэдвээ улам гүнзгийрүүлж, “Оюу Толгойн ордын флюид ормын судалгааг өмнөд Монголын Хьюго Даммит Cu-Au –ны порфирын ордын жишээн дээр” сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм.

С.Мягмарсүрэн эдүгээ “Оюу Толгой” компанийн геологийн судалгааны хэлтэст зөвшөөрөл хариуцсан ажилтнаар ажилладаг юм. Нэг үгээр хэлбэл, 'Оюу Толгой' компанийн эзэмшилд байдаг Оюу Толгой, Хөх хад, Манахтын лиценцийн талбайд хайгуулын болон бусад лицензтэй холбоотой хамаг ажлыг хууль журмын дагуу хэрэгжүүлэх хариуцлагатай үүрэг хүлээсэн хүн. “Монголынхоо үзэсгэлэнт байгальтай газруудыг ажиллах явцдаа нүдээр үзнэ гэдэг геологич хүний бахархал” гэж хэлж байна. Үүний дүнд геологич хүн шинжлэх ухааны олон талт мэдлэгтэй, байгальд ээлтэй болдог гэнэ. Тэрээр “Оюу Толгой” компани маань бүтээн байгуулалтаа амжилттай дуусгаад үйлдвэрлэлийнхээ шатанд шилжлээ. Үүнийг эгзэгтэй үе ч гэж хэлж болно. Энэ бол боловсруулсан зэсийн баяжмалаа хэр сайн борлуулав гэдгээс компанийн маань ирээдүйн хувь заяа хамаарна гэсэн үг. 5-10 жилийн дараа гэхэд 'Оюу Толгой' 'Эрдэнэт' үйлдвэр шиг байр сууриа баттай эзэлсэн, Монгол улсын эдийн засгийн гол тулгуур багана, монголчуудад үр өгөөжөө өгсөн, том цогцолбор болно гэж төсөөлж явдгаа ярилаа.

Рэнчингийн ОЮУНЧИМЭГ нь мөн Улаанбаатарын уугуул иргэн. ТИС-ийг хайгуулын геологич мэргэжлээр төгсөөд Төвийн геологийн экспедиц, 'Алмаз' компанид петрографч-инженерээр тус тус ажиллаж байсан. Р.Оюунчимэг нь 2003 оноос 'Айвенхоу майнз', 'Оюу Толгой' компанид минералогич, төслийн ахлах минералогичоор ажиллахдаа Оюу Толгойн бүлэг ордын хүдэржилт, бодисын нарийвчилсан болон геометаллургийн судалгааны ажлуудыг хийсээр иржээ.

Р.Оюунчимэг “20-иод өрөм нэгэн зэрэг өрөмдлөг хийж, их ажил өрнөж байсан 2003 оны аравдугаар сард Оюу Толгойд анх ирж байлаа. Оюу Толгойн ордын дэргэд минералогийн лаборатори байгуулсан нь маш ач холбогдолтой шийдэл болсон төдийгүй урьд нь бид дээжээ Улаанбаатар дахь лаборатори луу явуулаад хариуг нь удаан хүлээдэг байсан бол одоо газар дээр нь минералогийн нарийвчилсан судалгааг богино хугацаанд хийж байна. Хайгуулын үе шатанд Оюу Толгой ордын хүдэржилт, хувирлыг судалсан олон жилийн судалгаан дээрээ түшиглээд эрдмийн зэрэг хамгаалсан юм” гэж тэрээр ярьлаа.

Тэрээр “Оюу Толгойн Хьюго Дамметтын зэс-алт порфирын ордын сульфидийн эвшил, алтны зүй тогтол” сэдвээр 2008 онд докторын зэрэг амжилттай хамгаалсан төдийгүй дотоод, гадаадын олон улсын, тухайлбал; Чили улсад зохиогдсон 'Lets Talk Ore Deposits' /SGA, 2011/, 'Mongolia Mineral Exploration Round Up' /2012/ зэрэг хурлуудад хамтран илтгэл тавин, хэвлэлд нийтлүүлж, Оюу Толгойн ордыг олон улсад таниулах, оюутан залуусыг сургах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулсаар иржээ.

Мөн тэрээр нэгэнт нөөцийг нь тогтоосон хүдрийг баяжуулахад геологийн олон хүчин зүйлүүд нөлөөлдөг. Сүүлийн үед олон улсын хэмжээнд хүдрийг аль болох алдагдал багатай, өндөр бүтээмжтэйгээр баяжуулах талаар анхааралтай судлах болсон бөгөөд геометалургийн судалгааны аргыг олон уурхай туршин хэрэгжүүлж байгаа юм. Манай хэлтэс ч гэсэн энэ аргыг судлан хэрэгжүүлж эхлээд байна хэмээн өгүүллээ.

Хайгуулын шатны ажлыг цөөн геологичдийн хүчээр амжилттай хийж гүйцэтгэсэн төслийн геологичид биднийг 2010 оны ‘Монголын Ашигт малтмал, Геологи’ чуулга уулзалтаар Оюу Толгойн ‘Хайгуулын тэргүүний хамт олон’-ooр өргөмжилж байсан, тэр л баг хамт олныхоо нэгэн гишүүн нь болж ажилласандаа баяртай явдаг гэж Р.Оюунчимэг өгүүлж байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.