Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Нийтлэл: Их сангийн эзэн бүсгүй

Жамьянсүрэнгийн Энхжаргал Оюу толгой уурхайн дэд бүтцийн хэлтэст өргөлт, угсралтын краны багаж, сэлбэгийн их сангийн түлхүүрийг атгаж суудаг эмэгтэй. Тэрхүү багаж, сэлбэг гэдэгт оосорлогооны хамгийн чухал хэрэгсэл болох татлага, уяа, өндрийн бүс гэх мэт олон зүйл багтах бөлгөө. Нэг үгээр хэлбэл, аливаа ачааг өргөхөд шаардагдах бүхий л багаж хэрэгсэл түүний мэдэлд бий. Түүний хариуцаж буй эд хөрөнгө лавтайяа 4-5 чингэлэгт багтана.

“Манай агуулахад Хятадын нэг ч багаж хэрэгсэл байхгүй. Ихэвчлэн Австрали, Канад гээд уул уурхай өндөр хөгжсөн орны стандарт шаардлагыг хангасан, гэрчилгээ бүхий сэлбэг, хэрэгсэл байдаг юм. Багаж хэрэгсэл бүхэн өөрийн гэсэн пайзтай. Сар, улирал бүр өнөөх олон багажаа нэгбүрчлэн тоолж шалгана. Өглөө ирээд өнөөдөр өргөлтөд хэрэглэх бүх багаж, хэрэгслийг холбогдох хүмүүст нь тарааж өгөөд орой ажил дууссаны дараа нэгбүрчлэн шалгаж хүлээж авна. Ийм л хариуцлагатай ажил даа” гэж Ж.Энхжаргал ярьж байна.

Хэрвээ ачаа даах чадварыг буруу зөрүү тооцоолоод ч юм уу, эсвэл ямар нэг байдлаар алдаа гаргавал оосор тасрах, ачаа өндрөөс унах зэрэг аюул осол гарах магадлалтай болохоор ийм сонор сэрэмжтэй байхаас ч яахав. Ер нь аливаа зүйлийг өндөрт өргөнө гэдэг маш их эрсдэлтэй, хариуцлага, мэдрэмж шаардсан няхуур ажил. Тухайн үеийн ажлын ачааллаас болоод нэг ээлжинд наад зах нь 5-6, дээд тал нь 8-9 өргөгч ажилладаг аж. Нэг кран дээр хоёр оосорлогч-дохиочин ажиллах ёстой. Тэр болгонд хэрэгцээт багажийг олгодог байна.

Ж.Энхжаргал Оюу толгойд очоод гурван жил болжээ. Өмнө нь тэрээр Түлш, эрчим хүчний яаманд хэсэг хугацаанд алба хааж байгаад Шарын голын уурхайд очиж, гүүрэн краны операторчноор 20 шахам жил ажиллажээ. Тийм хүчирхэг техникийг жолоодох бүсгүй хүнд амаргүй байсан биз. Гэхдээ тэр огт шантраагүй гэсэн шүү. Яагаад эмэгтэй хүн байтугай эрчүүд ч халгамаар тийм “хачин” мэргэжил сонгосныг лавлахад “би чинь уг нь Хялганатын ойн техникумыг төгссөн, ойн техникч мэргэжилтэй хүн шүү дээ. Төв аймгийн Батсүмбэрт богинохон хугацаанд мэргэжлээрээ ажилласан юм. Гэхдээ хувь тавилан намайг төрсөн нутаг-Шарын гол руу минь хөтөлсөн хэрэг. Манай уурхайн гүүрэн краныг дандаа хүүхнүүд жолоодож байсан гэвэл та итгэх үү” хэмээн намайг мохоов. Түүний нөхөр Н.Батдорж ч олон жил Шарын голын уурхайд үр бүтээлтэй ажилласан гэнэ.

“Эхлээд Оюу толгойд ирэхэд их л халуун газар шиг санагдаж байлаа. Одоо ч дасчихаж дээ. Монголын хамгийн том бүтээн байгуулалт болсон Оюу толгойд ажиллаж буй хувь заяандаа баярладаг шүү. Энэ бол жирийн ажилчин эмэгтэй миний хувьд нэр төрийн хэрэг юм. Энд ажиллаж, ахиу цалин хөлс авснаар манай гэр бүлийн аж амьдрал ихээхэн дээшилж байгаа нь сайхан санагдалгүй яах вэ. Одоо уурхай маань бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлийн шатанд шилжээд ажил төрөл улам л урагштай болж байгааг харахаар бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм. Компанийнхаа ч, өөрийнхөө ч ирээдүйг тун өөдрөгөөр төсөөлж байна” хэмээн их сангийн нярав бүсгүй өгүүлэв.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.