Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Өгүүлэл: Тэмээгээ түшиглэсэн үйлдвэрлэл

- Ханбогдын малчид ингэний сүүгээ боловсруулж, зах зээлд нийлүүлж байна -

Говийн малчид сумандаа сүүний үйлдвэр байгуулжээ. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Амин Говь компани Баян-Ундрах хэсгийн малчин өрхүүдтэй хамтран ингэний сүүгээ боловсруулахаар шийдсэн аж. Баян-Ундрах бол Ханбогд сумын Баян багийн хамгийн олон буюу 1,622 тэмээтэй хэсэг. Баян багийнхан жил бүр 1,000 ботгоны баяр зохион байгуулдаг нь хэр олон тэмээтэй болохыг батална.

Үйлдвэр байгуулахад мэдээж санхүүжилт хэрэгтэй. Тиймээс Оюу Толгой ХХК-ийн хэрэгжүүлдэг 'Говийн шим' хөтөлбөрт хандсан байна. Энэ хөтөлбөр мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах, орон нутгийн бизнес, эдийн засгийг дэмжих, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой учраас тэдний саналыг хүлээн авч, сарын 1 хувийн хүүтэй 30 сая төгрөгийн зээл олгожээ. Ажлаа 2012 онд эхэлсэн ч байраа засах, тоног төхөөрөмжөө худалдаж авах, суурилуулах, хүмүүсээ сургахад нэлээд хугацаа зарцуулсан байна. Ингээд өнгөрсөн оны сүүлчээр Ханбогд суманд анхны сүүний үйлдвэр нээгдсэн байна.

Үйлдвэрийн халаах, ариутгах, хөргөх, савлах дамжлагууд бүрэн автомат, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй учраас ердөө гурван ажилтантай. Гэхдээ хүчин чадлын хувьд тун боломжийн. Хоногт 1.5 тонн ингэний сүү боловсруулна. Өнөөдрийн байдлаар ингэний буцалгааг үндэсний уламжлалт технологиор үйлдвэрлэж, 330 граммаар савлан зах зээлд нийлүүлж байна. Цаашид ингэний хоормог, ааруул ч үйлдвэрлэх юм. Буцалгаагаа өндөр температурт халаан буцалгаж, өтгөрүүлэх аргаар боловсруулдаг. Энэ нь ариутгах, амтыг нь хадгалах олон талын ашигтай технологи юм. Баян-Ундрах малчны хэсгийн 35 айл бүгдээрээ ингээ сааж, үйлдвэртээ боловсруулдаг. Гэхдээ хэсгийнхнээс гадна сумын малчид ч ингэний сүүгээ нийлүүлэх боломжтой, зах зээл нь бэлэн байгаа. Хүмүүс ингэний хоормогийг эмчилгээ, сувилгааны зориулалтаар хэрэглэдэг. Хоормог муудаж исдэггүй, халуун даах чанартай бөгөөд бусад малын сүүнээс өтгөн, илчлэг чанартай байдаг. Тиймээс бүтээгдэхүүнээ сумандаа борлуулахаас гадна зэргэлдээх Оюу Толгой уурхайд ч нийлүүлээд эхэлж.

Баян-Ундрах малчны хэсгийн ахлагч, сүүний үйлдвэрийн технологич Р.Бадамдорж “Сүүгээ Монгол технологиор ямар ч нэмэлт бодис хэрэглэхгүй боловсруулдаг учраас жинхэнэ экологийн цэвэр бүтээгдэхүүн гарч байна. Үйлдвэр маань манай хэсгийн хэдэн малчнаас гадна Ханбогд сумын нийт малчдын орлогыг ч нэмэгдүүлэх боломжтой. Саяхан нэг малчин 500 литр сүүгээ нэг сая төгрөгөөр зараад явлаа. Нэг ингэнээс дунджаар 500 гр сүү сааж болно” гэж байлаа. Тэрээр бас “Оюу Толгой уурхайд 1,000 ширхэг савласан хоормогоо нийлүүлсэн. Бидэнд зах зээл байгаа. Уул уурхай эрчимтэй хөгжиж, Ханбогд сумын хүн ам нэмэгдэж байна. Манай сум дангаараа 20 мянган тэмээ өсгөн үржүүлж байна. Тиймээс сүүний үйлдвэр түүхий эдээр тасрах, дутагдах бэрхшээл гарахгүй” хэмээн сэтгэл хангалуун ярьсан юм.

Монгол улсын хамгийн олон тэмээтэй сумын анхны сүүний үйлдвэрийнхний ажлын гараа сайн байна. Одоо тэдэнд бүтээгдэхүүнээ хүмүүст хүргэх, танилцуулах, зах зээлээ тэлэх ажил л үлдлээ.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.