Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой компанийн есөн ажилтан төрийн хишиг хүртэв

Монгол улс, Улаанбаатар хот - Монгол улсын Ерөнхийлөгчийн 2014 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 29 дүгээр зарлигаар Оюу Толгой компанийн нөөцийн ерөнхий геологич Тогтохбаярын Отгонбаярыг 'Алтан гадас' одонгоор, жолооч Чулуунбатын Төмөрбаатар, биологийн төрөл зүйлийн судалгаа шинжилгээний ерөнхий зөвлөх Сүхрагчаагийн Дорждэрэм, ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженер Гэрэлхүүгийн Идэр, үйлчлэгч Бүдрагчаагийн Одгэрэл, ахлах мужаан Бадарчийн Баяраа, баяжмал ба эрх зүйн менежер Малхуузын Ганболд, мэдээлэл технологийн үйлчилгээний ахлах ажилтан Нямгэрэлийн Нанжид, ТУЗ-ийн ажлын албаны мэргэжилтэн Төмөрбатын Баасанцэрэн нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнажээ. УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид 3 сарын 19 ний өдөр тэдэнд шагнал гардуулж баяр хүргэв. Тэрээр хэлэхдээ “Оюу Толгой төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэж байна. Энэ том бүтээн байгуулалтад та бүхний оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг төр өндрөөр үнэлж байна. Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.

Оюу Толгой компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Крэйг Киннел төрийн дээд одон, медалиар шагнуулсан ажилтнуудаа хүлээн авч баяр хүргэхдээ “төрийн нэр хүндтэй өндөр шагнал хүртсэн та бүхэндээ компанийн удирдлагын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэе. Улс эх орондоо, Оюу Толгойн бүтээн байгуулалтад та бүхний оруулсан хөдөлмөрийг тань төр өндрөөр үнэлж шагналаа хүртээлээ. Би та бүхнээрээ үнэхээр их бахархаж байна” гэлээ.

Т.Отгонбаяр 2002 оноос Оюу Толгой компанид ажиллаж байгаа. Геологи шинжилгээний шинэ арга аргачлал нэвтрүүлэх, төслийн хүрээнд хийсэн өрмийн дээжний чанарын хяналтын ажлыг удирдан зохион байгуулж хэрэгжүүлэх, Оюу Толгой ордын нөөцийг тогтооход үнэн бодит геологийн мэдээллээр хангахад дорвитой хувь нэмэр оруулсан юм. Б.Одгэрэл Оюу Толгой компанийг үүсгэн байгуулагдахаас одоог хүртэл ажиллаж байгаа, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч ахмад ажилтан юм. Н.Нанжид компанийн тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж, шинэ систем, техник технологийн шинэчлэл, сүлжээний үйл ажиллагаанд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. Г.Идэр Оюу Толгой компанид арав гаруй жил ажиллаж байна. Ил уурхайн дотоод овоолготой тээвэртэй ашиглалтын системийг анх удаа нэвтрүүлж, ил уурхайн тээвэр, хөрс хуулалт, байгаль орчны нөхөн сэргээлтийг нэмэгдүүлж, зардал хэмнэсэн технологи нэвтрүүлсэн юм. М.Ганболд баяжуулах үйлдвэрийн технологийг жигдрүүлэх, үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийг дээшлүүлэх, баяжуулалтын багийг удирдахад амжилт гаргасан юм. Б.Баяраа улсад 40 гаруй жил ажиллаж, хариуцсан ажлаа чадамгай гүйцэтгэдэг ажилтан юм. Ч.Төмөрбаатар Оюу Толгой компанид анхнаас нь ажиллаж байгаа, залуучуудад үлгэр дууриал үзүүлэгч ахмад ажилтан юм. С.Дорждэрэм Оюу Толгой компанийн байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг олон улсын стандартын шаардлага хангасан өнөдөр түвшинд хүргэх, биологийн нөхөн сэргээлтийг говийн бүсэд зөв зохистой гүйцэтгэхэд шинэ арга технологи нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.