Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Өгүүлэл: Аварга ‘Комацу’-г жолоодогч бүсгүйчүүд

Оюу Толгойн ил уурхайн хүнд машин механизмын операторчны баг 180-аад хүнтэй. Тэдний дотор хоёрхон бүсгүй бий. Та бүхнийг тэдэнтэй уулзуулъя.

Гүрбазарын Солонго Говь-Алтай аймгийн Цээл сумын уугуул. 'Оюу Толгой'-н ил уурхайд дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа. Лүйсүрэнгийн Оюунчулуун Өмнөговийн унаган иргэн. 2004 оноос 'Оюу Толгой' компанид ажиллаж буй. Ил уурхайн анхны хоёр эмэгтэй операторчны нэг. Операторчид уурхайд гурван ээлжээр ажилладаг. Тэд уурхайд 28 хоног ажиллахдаа 14 хоногт нь өдрийн, үлдсэн 14-т нь шөнийн ээлжинд гардаг. Нэг ээлжинд 18-25 удаа рейс хийдэг гэж тооцвол өдөрт нэг операторч 5,220-7,750 тонн хүдэр зөөдөг гэсэн үг.

Хоёр бүсгүй маань 'Комацу 930E' гэдэг аварга машины жолоо мушгидаг юм. 'Комацу 930E' бол Ази тивд зөвхөн Оюу Толгойн ил уурхайд байдаг хүчирхэг техник. Өөрийнх нь жин 500 тонн, дээр нь 290-310 тонн хүдэр даадаг, өргөн нь найман метр илүү, урт нь 15 метр, долоон метр гаруй өндөр гээд төсөөлөөд үз дээ. Ийм нүсэр машин энд 28 ширхэг байдаг юм. Хэдийгээр энэ хүчирхэг техник тосон хөдөлгүүртэй, дугуйгаа цахилгаанаар эргүүлдэг, дуу чимээ багатай, жолоодоход хөнгөн, бүхээг нь битүүмжлэл сайтай, тохилог эд. Операторчид жил болгон тусгай сургалтад сууж, жолоодох эрхээ шинээр авдаг онцлогтой.

“Ажил амаргүй ээ, гэхдээ түүнээс шантарч, за больё доо гэсэн бодол хэзээ ч төрж байгаагүй шүү” гэж тэд өгүүлэв. Цалин ч сайн. Г.Солонгын нөхөр Х.Батболд, Л.Оюунчулууны нөхөр П.Цэрэндорж хоёр мөн ил уурхайд хүнд машин механизмын операторчноор ажилладаг. Гэр бүлээрээ хамт ажиллаж, уурхайн тосгонд цуг амьдарч, уурхайн захиргаанаас тэднийг нэг ээлжинд хуваарилж, ажил, амралтыг нь зохицуулж өгдөг болохоор санаа зовох юмгүй.

Аварга машины жолоо барьж, хүдэр зөөж анхдагч бутлуурт хүргэж буулгах гэдэг операторчноос ихээхэн мэдрэмж шаардсан, осол зөрчилгүй ажиллах, аюулгүй ажиллагааг юун түрүүнд хангах учиртай тун хариуцлагатай ажил.

“Мэдээж, бүсгүй хүнд ахадсан гэмээр, хэчнээн хүнд хэцүү ч гэсэн энэ ажлаараа, энэ ертөнцийн хамгийн том техник жолоодож байгаагаараа үнэхээр их бахархдаг шүү. Биднийг энд ирэхэд ил уурхай, баяжуулах үйлдвэр, хүдрийн туузан дамжуулга зэрэг бүтээн байгуулалт ор сураггүй байлаа. Гэтэл энэ бүхнийг маш богинохон хугацаанд цогцлоон бүтээж, хүдрээ олборлон боловсруулж, баяжмалаа экспортод гарган борлуулж, ашиг орлого олж байгаа нь гайхамшигтай хэрэг биш үү. Чухам энэ бүхний үрээр Оюу Толгой компани маань бүтээн байгуулалтын үе шатнаас үйлдвэрлэлийн шатанд хэдийнээ шилжчихээд байна. Ийм зүйлээр чинь бахархахгүй яах вэ” гэж тэд сэтгэл хангалуун өгүүллээ.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.