Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Нийтлэл: Уурхай дахь 'арын алба'-ныхан

Уул уурхайн нүсэр том үйлдвэрлэл олон хүний хүч хөдөлмөрөөр явагддаг. Үүнийг өмнийн говь дахь Оюу Толгой уурхайд харж болно. Тэнд олон мянган хүн ажиллаж, амьдарч байгаа болохоор дагаад үйлчилгээ буюу арын албаны ажил ч тасралтгүй үргэлжилнэ. Арын албыг аюулгүй байдлыг хангах хамгаалагч, хоол хүнс бэлтгэх тогооч, машин барих жолооч, эрүүл мэнд хамгаалах эмчээс эхлээд олон хүн залгуулна. Бас Өмнөговийн уугуул хүмүүс ч цөөнгүй бий. Төрсөн нутагт нь ийм том уурхай ажиллаж байгаа болохоор аргагүй биз. Уурхайд очсон сэтгүүлчид голдуу инженер, техникийн ажилтнуудтай уулзаж, ярилцсан байдаг. Тиймээс арын албаны төлөөлөл болгож, Өмнөговийн харьяат хүмүүсийг зорьж уулзсан юм. Тэдний хувьд бүгдээрээ уурхайтай ажил, амьдралаа холбоод 7-10 орчим жил байгаа хуучин хүмүүс.

Оюу Толгойд онгоцоор очсон хүмүүс хамгийн түрүүнд Ханбумбат нисэх буудалд хөл тавина. Энд уулзсан анхны хүн бол Ц.Очирбат. Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул тэрээр “гурван төрийн нүүр үзсэн хүн” гэгчээр 10 жилийн дотор гурван нисэх буудалд ажиллаж үзсэн нэгэн. Оюу Толгой эхлээд уурхайн хашаан дотроо жижигхэн буудалтай байж. Дараа нь нүүж Оюут нэртэй, Монгол гэрээр зорчигч хүлээн авах байраа хийсэн түр буудалтай болсон байна. Үүний дараа олон улсын жишигт нийцсэн, иргэний тээврийн Боинг 737-800 w, ачааны С-130 онгоц буух боломжтой, нэг цагт 240 зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай Ханбумбат нисэх буудлаа ашиглалтад оруулжээ. Өмнөговьд байдаг хувийн хэвшлийн гурван нисэх буудлын нэг нь энэ. Ц.Очирбатын хувьд ч энэ хооронд ажилдаа өсөж, хөгжин туслах ажилтнаас Нислэгийн зохицуулагч болжээ. Түүний ажил зорчигчдыг бүртгэх, ачаа жинлэх, хянах гээд нэлээд их. Нислэгийн аюулгүй байдлын үүднээс хүмүүсийн бүртгэл, ачааны жин дээр ямар ч алдаа гарах ёсгүй. Тиймээс алдах ёсгүй, хариуцлагатай ажил хэмээн өөрөө тайлбарлаж байсан. Ханбумбат баригдснаар орон нутгийнханд ч боломж нэмэгдэж. Нийслэл Улаанбаатар хотоос 600 гаруй км зайтай Ханбогд сумын иргэд сумынхаа удирдлагаас зөвшөөрөл авч, хөнгөлөлттэй үнээр нисэх болжээ.

Онгоцны буудлаас Оюу Толгой уурхай хүрэх, доторхи зам дагуу олон тооны тэмдэг, тэмдэглэгээ таарна. Доод хурд нь 10 км цаг байх ёстой гэсэн тэмдэгүүд ч олонтаа байх. Бас бүх автомашин зогсохдоо заавал газар ухсан ховилд машиныхаа хоёр дугуйг оруулж зогсоох дүрэмтэй. Энд ажиллаж байгаа хүмүүс улсаас олгосон жолооны үнэмлэхтэй байсан ч аюулгүй жолоодлогын сургалтад заавал сууж, уурхайд автомашин барих тусгай үнэмлэхээ дахин авна. Бас жил бүр сургалтад сууж, шалгалтаа өгсний дараа үнэмлэхээ сунгуулах гээд их нарийн. Учир нь Оюу Толгой уурхайд нэн тэргүүнд аюулгүй байдлыг хангах ёстой. Тиймээс жолоо барих эрхээ авах, дүрмээ мөрдөх нь энд хууль гэж ойлгож болно. Хэрвээ суудлын бүсээ хийгээгүй жолооч, эсвэл зорчигч байвал ажлаасаа халагдах хүртэл арга хэмжээ авахуулах ч энүүхэнд. Бас уурхай дотор гурван удаа зөрчил гаргавал үнэмлэхээ хураалгаж, машин барих эрхээ ямар ч иймээ тиймээ тайлбаргүй шууд хугацаагүй хасуулдаг. Уурхайд дахиж хэзээ ч жолооны ард суух эрхгүй гэсэн үг. Жолооны сургалтаа явуулж, шалгалтаа авах гээд завгүй ажилладаг нэг хүнтэй уулзлаа. Сургалтын багш С.Басбиш мөн л Өмнөговь аймгийн харьяат. Оюу Толгойд 2004 оноос хойш 10 жил мэргэжлээрээ ажиллаж байгаа нэгэн. Олон жилийн туршлагатай болохоор уурхай дахь замын тэмдэг, тэмдэглэгээг цээжээр мэднэ. Тэрээр “Уурхайн талбайд машин барих их онцлогтой. Цагаа баримтлах хэрэгтэй. Наад зах нь хурдны хязгаарыг ягштал мөрдөхөөс эхлээд гэрлээ заавал асааж явах, ойр хавьд нь машингүй байсан ч зогсох тэмдэг байвал заавал биелүүлэх гээд олон дүрэм, журамтай. Бидний хувьд энэ бүх дүрмийг хүмүүст хэвшүүлэх нь чухал байдаг” хэмээн тайлбарлах зуур сургалтын гарын авлага гэсэн зузаан материал үзүүлж байсан. Үүнийг өдөр тутмын ажилдаа хэрэглэх ёстой бөгөөд жолооч хүний баримтлах ёстой дүрэм, журмыг нэг бүрчлэн тусгадаг байдаг аж. Уурхайд нэгдүгээрт аюулгүй ажиллагаа ордог. Үүнийг жолооны дүрмээ мөрдөх үедээ ч аюулгүй ажиллагааг ч давхар хангаж байгаагаас харж болно.

Оюу Толгой уурхай 24 цаг тасралтгүй ажилладаг бол үйлчилгээний газрууд ч мөн адил. Уурхайчдын хоол бэлтгэх ажлыг хариуцдаг Эс Эс Эм компанийн ажилчдын ихэнх нь орон нутгийнх. Тэдний нэг бол Т.Цэцэгмаа. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 10 жилийн сургуулиа дүүргэж, 2007 онд тогоочийн мэргэжил эзэмшсэн байна. Сургуулиа төгсөж ирээд зууш бэлтгэх хэсгийн туслахаар ажлаа эхэлж байсан гэнэ. Энд хүмүүс сурч мэргэшээд өөр дамжлагууд дээр ажиллах бүрэн боломжтой аж. Өөрсдийнх нь хүсэл сонирхол ч үүнд нөлөөлдөг байна. Ажиллах хугацаандаа олон төрлийн зууш бэлтгэх туршлагатай болсон тул дараагийн дамжлага болох талх, амттан бэлтгэх хэсэгт ажиллах болжээ. Түүний баг гурван Монгол ажилтан, нэг гадаад зөвлөхтэй. Энэ багийнхан өглөө бүр аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч, шөнийн ээлжийн бэлтгэсэн зуурмагаар талх барьж эхэлнэ. Төрөл бүрийн бүтээгдэхүүнийг олон тоогоор нь тасралтгүй үйлдвэрлэдэг онцлогтой. Өдөр, шөнийн хоёр ээлжинд нийт 250-300 кг гурилаар, бор, цагаан гээд дөрвөн төрлийн талх, 4-5 төрлийн амттан бэлтгэнэ. Зөвхөн бор талх барихад 40 орчим кг гурил ордог байна. Талх нь нэлээд том 650 гр, 1.2 кг гэсэн хоёр жинтэй. Зүсэгч машиндаа тохируулж, ийм хэмжээтэй барьдаг аж. Бас талх бүрээ ариун цэврийг хангаж, гадны бохирдлоос хамгаалан нимгэн нийлэг материалаар бүрнэ. Харин амттан бэлтгэх зуурмагт өдөртөө 1,000 орчим өндөг хэрэглэнэ. Тэдний бэлтгэсэн талх, амттанууд нь тухайн өдөртөө дуусдаг. Уурхайчид өдөр бүр шинэ бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн үг. Тэрээр “Орон нутгийн хүмүүст олон боломж гарлаа. Үүнийг ашиглах ёстой. Миний хувьд гадаадын зөвлөхүүдээс мэргэжлийн зүгээс их зүйлийг сурч, мэдэж байгаа. Ажлын байрандаа англи хэлний мэдлэгээ сайжруулж байна. Би мэргэжлээрээ өөрийгөө хөгжүүлэх зорилготой” хэмээн танилцуулсан.

Уурхай дахь 'арын алба'-ны хүмүүсийн ажлын тухай өгүүлэхэд ийм. Тэнд ажил өрнөж, амьдрал буцалж, олон мянган залуус баялгаа боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ ажилд Өмнөговь аймгийн иргэд ч хувь нэмрээ оруулсаар.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.