Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Монголын нэгэн залуу мэргэжилтэн нэр хүндтэй Рамсфелдийн тэтгэлэгт хамрагдаж байна


(Зураг дээр – Баруун гараас гуравдахь нь О.Шижир АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Дональд Рамсфелд болон тэтгэлэгт хамрагдаж буй бусад залуу удирдагчидтай хамт байгаа нь)

Монгол Улс, Улаанбаатар хот - Оюу Толгой компанийн Стратеги, бодлогын ахлах шинжээч Очирбатын Шижир Америкийн нэр хүндтэй Рамсфелдийн тэтгэлгийн эзэн боллоо. Энэхүү тэтгэлгийг Төв Ази, Кавказ, Афганистан, Монголын залуу удирдагч, мэргэжилтнүүдэд жил бүр олгодог бөгөөд түүний хүрээнд АНУ-ын нийслэл Вашингтон хотын Олон улсын харилцааны судлалын Жонс Хопкинсийн дээд сургуульд нэг сар хагасын сургалтад хамрагддаг юм.

Очирбатын Шижир стратегийн дүн шинжилгээний багийг тэргүүлж, Оюу Толгой компанийн стратегийг боловсруулдаг бөгөөд энэхүү тэтгэлэгт сургалтад хамрагдсанаар тэрээр өөрийн сонирхож буй салбарт ажиллаж байгаа АНУ-ын мэргэжилтнүүдтэй уулзаж, туршлага судлах боломжтой болж байна. Вашингтонд байх хугацаандаа тэрээр 2005–2006 онуудад НҮБ дахь АНУ-ын Байнгын төлөөлөгч байсан элчин сайд асан Жон Болтон, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картерийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан доктор Збигнев Бжезинский, АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Дональд Рамсфелд нартай эрхэлж байгаа судалгааны талаар уулзахаас гадна Хятад-Оросын харилцаа, худалдаа, дэд бүтцийн төслийн талаар судалгаа хийдэг эрдэм шинжилгээний байгууллагуудын ажил байдалтай танилцах ажээ.

О.Шижир бол Оюу Толгойгоос энэхүү тэтгэлэгт хамрагдаж байгаа хоёрдахь хүн юм. Урьд нь 2010 онд Оюу Толгойн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын газрын мэргэжилтэн Төмөрбатын Баасансүрэн энэхүү тэтгэлэгт хамрагдаж байжээ.
Рамсфелдийн тэтгэлгийн хөтөлбөр анх 2008 онд Олон улсын харилцааны судлалын Жонс Хопкинсийн дээд сургуулийн дэргэдэх Төв Ази, Кавказын хүрээлэнтэй хамтран Рамсфелдийн сан үүсгэн байгуулсан билээ. Анх байгуулагдсанаас хойшхи зургаан жилийн хугацаанд энэхүү тэтгэлгийг Төв Ази болон АНУ-ын дээд сургууль төгссөн 160 гаруй залуу удирдагчид хүртээд байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.