Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Робокон 2014 Үндэсний тэмцээнд ШУТИС-ийн баг шалгарлаа

- Олон улсын “Робокон 2014” тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх багаар ШУТИС-ийн 'Телеком Монголиа' шалгарлаа -

Монгол Улс, Улаанбаатар хот - Олон улсын “Робокон 2014” тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх багийг шалгаруулах Үндэсний роботын тэмцээн ШУТИС-ийн 'Телеком Монголиа' багийн ялалтаар амжилттай өндөрлөлөө. Робокон бол техник технологийн мэргэжлээр суралцдаг их, дээд сургуулийн оюутан залуус өөрсдийн шинэ санаа хийгээд техник сэтгэлгээ, ур ухаанаа уралдуулдаг оюун ухааны өрсөлдөөний талбар билээ. Энэ удаагийн Үндэсний роботын тэмцээнд ШУТИС, Дархан Уул аймаг дахь Технологийн Сургууль, Техник Технологийн Дээд Сургууль, Монгол Улсын Их Сургууль, Говьсүмбэр аймгийн Политехникийн Коллеж, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Батлан Хамгаалахын Их Сургууль зэрэг сургуулиудыг төлөөлсөн 13 баг өрсөлдсөн бөгөөд Оюу Толгой компани тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон юм.

МҮОНТ-ийн Нэвтрүүлгийн хэлтсийн дарга, Робокон нэвтрүүлгийн ерөнхий продюсер Г.Агааноров тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Хүний хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон мэдлэг боловсрол, бүтээлч сэтгэлгээ, ур чадвараа хөгжүүлж, сурч мэдсэнээ бодит бүтээл болгон түүгээрээ үнэт баялгийг бүтээж буй бүтээлч оюутан залуусыг дэмжин Робокон тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байгаа уул уурхайн тэргүүлэх компани Оюу толгой ХХК-ийн хамт олонд талархлаа илэрхийлье. Ирээдүйн сайн сайхан хийгээд хөгжил дэвшилд тэмүүлсэн бидний хамтын ажиллагаа Монголын нэрийг дэлхийд цуурайтуулах ирээдүйн чадварлаг инженерүүдийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэх болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Анх 2002 онд Азийн 50 гаруй орны 111 телевизийг эгнээндээ нэгтгэдэг Ази Номхон далайн бүсийн орнуудын Өргөн нэвтрүүлгийн холбоо гишүүн орнуудынхаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан залуусын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилгоор Робокон тэмцээнийг санаачлан зохион байгуулсан түүхтэй.

Говьсүмбэр аймгийн Политехникийн Коллежийн 'Талст' багийн ахлагч Б.Оюунбат хэлэхдээ “Манай баг энэ тэмцээнд анх удаа оролцож байна. Зарим багаж, хэрэгсэл олдоц муутай байснаас роботоо санаандаа хүртэл хийж чадсангүй. Гэхдээ бид амжилт гаргахын төлөө бүх боломжоо дайчлан тэмцсэн” гэв.

МУИС-ийн 'Монгол робот' багийн ахлагч Б.Сүх-Эрдэнэ “Бидний хувьд өнгөрсөн намар дүрэм батлагдсанаас хойш бэлтгэлээ базааж ирсэн. Манай робот бүх даалгаврыг гүйцэтгэж чадсан. Тэгээд ч бид туршлагатай баг. Гэхдээ өрсөлдөгчид маань бас хүчтэй байлаа” гэсэн юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.