Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой компани шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгарууллаа

- Оюу Толгой компани үндэсний шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгаруулж, амжилтыг нь алдаршуулан урамшуулав -

Монгол Улс, Улаанбаатар хот - Оюу Толгой ХХК үндэсний шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгаруулж, амжилтыг нь алдаршуулан урамшуулдаг уламжлалтай билээ. Тав дахь жилдээ зохион байгуулсан “Эрдэнийн говь-2013” ёслол Дуурь бүжгийн эрдмийн театрт болж есөн компани шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарч, өргөмжлөл гардсан юм.

Оюу Толгой компани өнгөрсөн онд анхны баяжмалаа экспортод гаргаснаар Монголын уул уурхайн компанийн шинэ брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлсэн төдийгүй бизнесийн үйл ажиллагаа нь жигдэрсэн үндэсний тэргүүлэх компани болж чадсан юм. Энэхүү амжилтыг хамтран ажиллаж, жилээс жилд өсөн дэвжсэн Оюу Толгойн ханган нийлүүлэгч компаниуд зүй ёсоор хуваалцах учиртай.

Оюу Толгой ХХК өнгөрсөн онд дотоодоос 538.1 сая ам.долларын бараа, үйлчилгээ худалдан авсан нь нийт худалдан авалтын 76 хувийг эзэлж байна. Өнгөрсөн онд үндэсний 949 ханган нийлүүлэгч компанитай хамтран ажилласан бөгөөд тэд 35 мянган хүнийг ажлын байраар хангаж байна.

Шилдэг ханган нийлүүлэгч шалгаруулах ёслолын үеэр Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх хэлэхдээ “Та бүхэн бараа, бүтээгдэхүүн нийлүүлж, үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ олон улсын чанар, стандарт, аюулгүй ажиллагааны болон хөдөлмөрийн сахилга батыг мөрдлөг болгон ажиллахад давхар суралцан, энэ соёлоо эх орныхоо хөрсөнд нутагшуулж буйгаараа бахархах эрхтэй. Энэ бол Оюу Толгойтой хамтран ажиллахын гарцаагүй том давуу тал. Мөн эх орондоо амьдарч, эх орондоо суралцаж, эх орондоо өсөн дэвжихийн амьд жишээ, ач холбогдол чухам энэ билээ” хэмээн онцолсон юм.

Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгчийн Гран при шагналын эзэн Хасу Мегаватт компанийн гүйцэтгэх захирал Ж.Түмэн-Аюуш “Манайх анх эрчим хүчний чиглэлээр ажилладаг, улирлын чанартай үйл ажиллагаатай компани байсан. Оюу Толгой компанитай хамтран ажилласнаар байнгын ажилтай боллоо. Манай хамт олон үйл ажиллагаагаа олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэж ирсэн нь Оюу Толгой компанитай урт хугацаанд хамтран ажиллах нэг үндэс болсон гэж боддог. Оюу Толгойгоор дамжуулан Өмнөговь аймгийн Говь Уран Шаглаа оёдлын компанитай хамтран ажиллаж, уурхайн ажилтнууддаа ажлын хувцас хийлгэсэн. Цаашдаа компанийнхаа бусад салбарт ажиллаж байгаа хүмүүст ажлын хувцас захиалан хийлгэх төлөвлөгөөтэй байгаа төдийгүй монгол компаниуд бие биенээ дэмжин ажиллахыг зөв гэж боддог” гэж хэллээ.

Ханган нийлүүлэгчдээ алдаршуулан урамшуулах шалгаруулалт нийт есөн үзүүлэлтээр явагдсан юм.

  • Шилдэг ханган нийлүүлэгч – Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч компаниар Бамбай ХХК,
  • Шилдэг ханган нийлүүлэгч – Шинэ компаниар Хангүрд ХХК,
  • Шилдэг ханган нийлүүлэгч – Ханбогд номинацид Өгөөмөр Гавилууд,
  • Шилдэг ханган нийлүүлэгч – Өмнөговийн шинэ номинацид Буянт Галба ХХК,
  • Шилдэг ханган нийлүүлэгч – Өмнөговь номинацид Говийн Анир ХХК,
  • Шилдэг ханган нийлүүлэгч – Ажилтнуудаа мэргэшүүлэн хөгжүүлэгч компаниар Мэжор Дриллинг ХХК,
  • Шилдэг ханган нийлүүлэгч –Нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч компаниар Мэклопат ХХК,
  • Шилдэг ханган нийлүүлэгч- Нийлүүлэлтийн сүлжээг сайжруулагч компаниар ЭсЭлЭс Бирингс ХХК
  • Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгчээр Хасу Мегаватт ХХК шалгарсан юм

Мэжор Дриллинг ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин , орон нутгийн харилцааны хэлтсийн менежер Х.Мөнхбат “Манай компани Оюу Толгойн аюулгүй ажиллагааны үндсэн зургаан дүрмээс гадна өөрийн дотоод үйл ажиллагааны онцлогийг тусгасан 10 дүрмийг мөрдөн ажилладаг. Энэ дүрмүүдээ өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшил болгохоор гарын авлага болгон хэвлүүлж сурталчлан таниулах ажлыг хийж байна. Бид байгаль орчинд ээлтэй бодис, хэрэгслүүдийг өрөмдлөгтөө хэрэглэдэг. Мэжор Дриллингийн залуучууд дэлхийн рекордыг эвдэх өрөмдлөгийг Оюу Толгойн уурхайд анх удаа хийсэн юм” хэмээн бахархан ярилаа.

Оюу Толгой ХХК ханган нийлүүлэлтийн ил тод, нээлттэй, үр ашигтай байх зарчмыг баримтлан ажилласнаар үндэсний болон Өмнөговийн ханган нийлүүлэгчдийн өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж, Өмнөговийн бизнесийг хөгжүүлэх амлалт үүргээ ч амжилттай биелүүлж байна. Тухайлбал, Өмнөговийн ханган нийлүүлэгчдээс 2010 онд 0.5 сая ам.долларын бараа, үйлчилгээ худалдан авч байсан бол 2013 онд энэ тоо 9.1 сая ам.долларт хүрч өссөн бөгөөд 2014 онд 32 сая ам.долларын бараа, үйлчилгээ худалдан авах зорилт тавин ажиллаж байна. Оюу Толгой ХХК ийнхүү Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах найдвартай, тогтвортой, үр ашигтай үндэсний ханган нийлүүлэлтийн бие даасан, олон улсад өрсөлдөхүйц чадвар бүхий сүлжээг байгуулж чадсан нь бахархан тэмдэглэх амжилт юм.

Оюу Толгой компанийн шилдэг ханган нийлүүлэгч есөн компанийн тухай мэдээллийг энд дарж үзнэ үү.

Зургийн цомог

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.