Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: Ж.Түмэн-Аюуш: "Хасу гэж Хатансүйхийг ч хэлдэг байж магадгүй, харин Мегаватт гэж..."

Оюу Толгой компанийн шилдэг ханган нийлүүлэгч шалгаруулах “Эрдэнийн говь 2013” ёслол саяхан болсон билээ. Уг шалгаруулалтын шилдгийн шилдэг ханган нийлүүлэгчээр тодорсон “Хасу-Мегаватт” компанийн ерөнхий захирал, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, зөвлөх инженер Жамьянсүрэнгийн Түмэн-Аюуштай ярилцлаа. “Хасу мегаватт” компанийнхан нэгдүгээр сургуулийн өмнөх “Моодун цамхаг”-ийн есдүгээр давхар дахь байрандаа төвхнөжээ. Ж.Түмэн-Аюуш захирлын өрөө томгүй атлаа тун тохилог юм. Өрөөнд нь сайн эр Тоорой Бандийнхаас гадна бөх, морины янз бүрийн баримал цөөнгүй байна. Хананд нь өлгөөтэй байгаа морь хөтөлсөн, ширүүн харцтай ноёны зурмал хөргийг “Хардэл жанжин бэйс Пүрэвжавынх” гэж тайлбарлав. Волейболын баг маань хаврын тэргүүн лигийн аварга боллоо, сагсныхан одоо нэг хожвол зооны аварга болж, цаашид аваргын төлөө өрсөлдөнө гэсээр биднийг угтав.

-“Хасу-Мегаватт” компанийнхаа тухай танилцуулна уу?
-Манайх  Монголын эрчим хүчний арилжааны анхдагч компани болох Орос-Монголын хамтарсан “Мегаватт” компаниас гаралтай. Би 1998 оноос тэр компанид ерөнхий инженерээр ажиллаж байгаад 2000 онд “Хасу-Мегаватт” компаниа байгуулсан юм. Энэ компанийнхаа 30 хувийг би, 70 хувийг нь “Мегаватт” эзэмшдэг байлаа. Манай компанийн нэг онцлог нь эрчим хүчний салбарт гадаадын, тэр тусмаа барууны орнуудын  том том төслүүдийг хэрэгжүүлсэн юм. 
-Тухайлбал?
-Цөөхөн баримт хэлье. 1994-1999 онд  гуравдугаар цахилгаан станцын дөрвөн зуухыг шинэчилсэн Италийн АВВ компанийн төслийн гүйцэтгэгчээр ажиллав. 2000-2001 онд Чойбалсангийн ДЦС-ын мазут аж ахуйн болон усыг хийгүйжүүлэх төхөөрөмжийн шинэчлэлийг ХБНГУ-ын хөнгөлөлттэй зээлийн төслөөр гүйцэтгэсэн. 2004-2006 онд дөрөвдүгээр цахилгаан станцад Японы хоёрдогч хөнгөлөлттэй зээлийн төслийг хэрэгжүүллээ. Би энэ төслийн ажлын удирдагчаар ажиллаж байсан юм. Дотоодод улсын төсвийн болон өөрийн хөрөнгө оруулалтаар жил бүр цөөнгүй бүтээн байгуулалт хийж байгаа. ДЦС-уудын өндөр даралтын зуух, дулааны шугамын их засвар хийж байна. Жилд 3-5 зуухны их засвар хийдэг. Улсын төсвийн хөрөнгөөр гэхэд л Дарханы төв магистралийн есөн км 800-гийн шугам, Улаанбаатар хотод дулааны дөрвөн км төв шугам, мөн 6Д магистралийн 530 м шугам, өнгөрсөн жилээс “Чингис” бондын мөнгөөр мөн Улаанбаатарын хотын халаалтын хамгийн том шугам төв магистралийн 1200-гийн шугамыг шинээр хийж байна. Энэ онд Монгол улсын эрчим хүчний системд 100 мВт-ын суурилагдсан хүчин чадал нэмэх турбин- генераторын суурийн ажлыг дуусч байна. Мөн дээрх бондын мөнгөөр Амгалангийн дулааны дөрвөн км шугамыг шинээр хийхээр гэрээ хийгээд ажлаа эхлэх гэж байгаа.
-Оюу Толгой компанитай хэзээнээс хамтран ажиллаж эхлэв. Тэнд ямар бүтээн байгуулалтад оролцов?
-2006 оноос. Оюу Толгойд олон зүйл үйлдвэрлэж угсарч өгсөн. Уурхайд 72 мВт-ын усан халаалтын дулааны станц, дизель цахилгаан үүсгүүр болон дулааны шугам сүлжээний ашиглалтыг хариуцан гүйцэтгэж буй. Гүний уурхайн хоёрдугаар босоо амны нэвтрэлтийн тавцан гэхэд 100, 80 тоннын жинтэй босоо амны хөндлөн малталтын ачилтын тоног төхөөрөмж  хийсэн. Энэ нь Канад улсын үйлдвэрт биш, Монгол улсад үйлдвэрлэснээрээ онцлогтой. “Ийгл” телевизийнхэн энэ талаар “Уурхайн гүнд” нэвтрүүлэг бэлтгэн олны хүртээл болгож байлаа.
-Мэдээж, гадаадын туршлагатай мэргэжилтнүүд, дэлхийн өндөр технологи, стандартаас чамгүй суралцсан биз дээ?
-Оюу Толгойтой хамтран ажилласнаар бид олон зүйлийг гадаадынхнаас сурсаан. Юуны түрүүнд аюулгүй ажиллагаа, ажлын хариуцлага, аливаа зүйлийн эцсийн гүйцэтгэлийн чанар, ажиллагчдаа сургах гээд. Үүний ч үр дүн гарч байгаа. Манайхан Оюу Толгойн шилдэг ханган нийлүүлэгчээр өмнө нь хэдэнтээ шалгарч байлаа. 2009 онд шилдэг барилгын гүйцэтгэгчээр, 2011 онд эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг эрхэмлэгч байгууллагаар шалгарч байсан бол 2014 онд шилдгийн шилдэг ханган нийлүүлэгчийн гран-при шагналын эзэн боллоо. Манай компани үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эхнийх нь үйлдвэрлэл. Хоёр жилийн өмнө Улаанбаатарт төмөр хийцийн шинэ үйлдвэрээ барьсан. Дараахь чиглэл нь засвар угсралт -шинэчлэл. Оюу Толгой төсөл, энэ хэсэг нь ДЦС-уудын зуухны засвар, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Гурав дахь нь, эрчмийн үйлдвэрлэл. Оюу Толгой дахь дулааны станц, дулаан болон цахилгааны шугам сүлжээний ашиглалт, дизель генераторын ашиглалтыг хариуцдаг. Дөрөв дэх нь, сургалтын чиглэл. Герман-Монголын хамтарсан МСҮТ-ийг хоёр жилийн өмнө нийслэлд байгуулсан юм. Энэ төвд гагнуурчин, барилгын цахилгаанчин, сантехникийн засварчин, токарь-фрезерчин гэсэн дөрвөн мэргэжлээр сургаж байгаа. Мэргэжлийн сургууль маань ганцхан жилийн дараа буюу өнгөрсөн жил Монгол улсын шилдэг сургууль болсон. 74 сургуулиас шүү дээ.
-Танай компани олон ажилтантай юу?
-“Хасу-Мегаватт” компанийн хувьд 600-гаад, группын хэмжээнд 900 гаруй хүн ажиллаж байна. Групп гэдэг маань хамтран хөрөнгө оруулсан, үйл ажиллагаагаараа нэгдсэн зургаан компанийг хэлж буй хэрэг. Манайх үндэсний компани, гадаадын хөрөнгө оруулалтгүй. Гэхдээ хийж бүтээж буй маань Европын стандартаар явдаг юм. Герман улсын дэлхийд танигдсан шинэ технологи, тоног төхөөрөмжүүдийг Монгол улсын эрчим хүч, уул уурхайн салбартаа оруулж ирж нутагшуулах талаар олон зүйл хийж байна. “Хасу-Мегаватт” эрчим хүчний салбарын 2010, 2012 оны шилдэг барилгын ажил гүйцэтгэгчээр шалгарч, 2009 оноос хойш тасралтгүй ТОП-100-д 42-80 дугаар байрт орж байна. МҮОХ-ны албан ёсны түншлэгч. 2013 он миний хувьд их азтай, од хийморьтой жил байлаа. Тавдугаар сард аж үйлдвэрийн гавьяат ажилтан гэдэг эрхэм цол хүртсэн. Ер гаруй жилийн түүхтэй эрчим хүчний салбараас төрсөн 32 дахь гавьяат юм билээ.

-Таныг гавьяатаас өөр олон шагналтай гэж дуулсан юм?

-Мөөеө, Баянаа аварга нарын энгэрт гялалздаг, ФИЛА буюу Дэлхийн чөлөөт бөхийн холбооны одон, спортын салбарын оны шилдэгт олгодог “Бөртэ чоно”, Лондоны олимпийн Монголын шилдгийн шилдэг зүтгэлтэн, МҮОХ-ны “Алтан очир” одон, БТСУХ-ны “Алдар” одон, эрчим хүч, биеийн тамирын гээд дөрвөн ч салбарын тэргүүний ажилтан гээд тоочвол цөөнгүй юм бий шүү.
- Та аль нутгийн хүн бэ. Өөрийнхөө тухай, гэр бүлийнхээ талаар танилцуулаач?
-Хэнтий аймгийн Галшар сумынх. Айлын есөн хүүхдийн ууган нь. Аав маань жолооч, ээж Ж.Норсүрэн минь насаараа эрүүлийг хамгаалахад ажилласан, Монгол улсын хүндэт донор, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, Алдарт эхийн I,II одонтой. Би Хэнтий аймгийн 10 жилийг дүүргээд дараа нь Дарханы политехникумыг Д.Сүхбаатарын нэрэмжит цалин, улаан дипломтой төгсөөд Политехникийн дээдэд урилгаар орж байлаа. 1991 онд сургуулиа төгсөөд гуравдугаар цахилгаан станцад засварын мастер инженерээр ажилд орж байв. 1998 онд “Мегаватт”-д очтолоо тэндээ ажилласан. 2005 оноос “Хасу-Мегаватт”-ын захирал болоод 2011 оны зун компаниа 100 хувь өөртөө авсан. Нэг хүний компани гэсэн үг. Ийм л түүхтэй. Эхнэр Д.Алтанцэцэг маань ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн багш, хүү Оргил энэ жил ХБНГУ-ын Бранденбургийн их сургуульд цахилгааны инженер мэргэжлээр сурахаар явсан. Энэ жил манай сумын 90 жилийн ой болно. Нутгийнхны уулзалт, концерт энэ тэр гээд түүнийг угтаж зохион байгуулах ажил зөндөө. Компанийнхаа гадаад харилцааг өргөжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. ХБНГУ, ОХУ, Канад, Европын холбооны улсууд, Азийн орны компаниудтай харилцаа холбоо тогтоогоод ажиллаж байна. Германы хоёр, Москвагийн нэг компанийн албан ёсны дистрибьютор болж, Канадын нэг компанийн суурин төлөөлөгчөөр ажиллаж байна. Канадын компанитай “Хүннү майнинг” хамтарсан компани байгуулсан, мөн “Редпат”-тай хамтарсан компани байгуулахаар ярилцаж байна. Герман улсын “UЕSA” компанитай цахилгааны тоног төхөөрөмжийн үйлдвэр хамтарч байгуулахаар зэхэж буй. Охин компаниуд бий. “Мега стийль фаврикаторс” ХХК, Герман-Монголын хамтарсан МСҮТ, “Хасу металс” нь “Хасу-Мегаватт” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд юм. Мөн “Малтс” ХХК-ийн 20, “Лейнюкс”ХХК-ийн 33,“Хүннү майнинг” ХХК-ийн 33 хувийг эзэмшдэг. Сүүлийн гурван жилд гэхэд үйлдвэр - офис, авто аж ахуй, “Хасу center” зэргийг өөрийн хөрөнгөөр барьж дуусгалаа.Үүнд нийтдээ таван сая орчим долларын хөрөнгө оруулалт хийв. Гарааш бүхий авто аж ахуйг 500 мянган ам.доллараар босголоо. Хуучин үйлдвэрээ шинэчилж, шинэ сургууль байгуулахад 1.2 сая ам.доллар зарцуулсан. Одоо Германтай хамтарсан үйлдвэрээ барьж байгаа. Бас ажилчдадаа зориулж спортын иж бүрэн цогцолбор байгуулж байна.
-Компаниа яагаад “Хасу-Мегаватт” гэж нэрлэсэн юм бэ?
-Компанийг анхлан үүсгэн байгуулагчид Архангайн Эрдэнэмандал сумынхан. Тэд л тэдний нутагт урсдаг Хануйн голыг Хасүйн гол гэдэг байсан гэж хэлдэг. Бас нөгөө талаасаа хасу гэдэг маань хатан сүйхийг ч товчилсон бэлгэдэл гэж ойлгодог. Мегаватт маань мэдээж, цахилгааны нэгжийн нэр.
-Сүүлийн үед компанийн нийгмийн харуцлага гэж их ярих боллоо. Ийм олон хүний нийгмийн асуудлыг шийдэхэд бас л хэцүү байх даа?
-Би ажилчдаа орон сууцтай болгох юмсан л гэж их боддог. Сүүлийн гурван жилд 60-аад хүнд орон сууц худалдан авч өгсөн. “Орчлон” хороололд арваад хүн удахгүй орон сууцандаа орно. Одоо өөрсдөө 60 гаруй айлын орон сууц барихаар хотын А зэрэглэлд газраа авчихаад байгаа. Ажилчдын маань цалин хөлс ч сайн шүү. Спортыг их дэмждэг. “Mega stars” клубтэй. 300 гаад тамирчинтай. Сагсан бөмбөг, чөлөөт бөх, софт теннис, волейбол гээд найман төрлөөр өрсөлддөг. Төмөр замын 20, Биокомбинатын 10 дугаар сургуулийг сүүлийн найман жил ивээлдээ авч явна. Энэ хугацаанд 100 гаруй спортын мастер төрснөөс 60-аад нь миний гараас цол хүртсэн дээ. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргын медальтан, Залуучуудын дэлхийн аварга манайхаас төрсөн. Ази тивийн аварга олон бий дээ. Софт теннисний 2011 оны ДАШТ-ээс манай компанийнхан хүрэл медаль хүртлээ. Зөвхөн 2011онд гэхэд л манай компанийн баг тамирчид 121 медаль хүртсэний бараг 80 хувь нь алт, мөнгө. Ийм чансаагаар тухайн ондоо МҮОХ-ны шилдгийн шилдэг спорт клуб болж, “Бөртэ чоно”-ын шагнал хүртсэн. Лондоны олимпод өөрийн зардлаар хоёр бөх оролцуулж байлаа. Би өөрөө Монголын софт теннисний холбооны ерөнхийлөгч, чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалтай.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.