Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Гадаадын их, дээд сургуульд суралцах оюутнууд батламжаа гардан авлаа

- Дэлхийн шилдэг сургуулиудад монгол залуусаа сургаж буй төр, засгийн санаачилгыг Оюу Толгой компани дэмжиж байна -

Монгол Улс, Улаанбаатар хот - Оюу Толгой компани өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлж буй боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдээ танилцуулж, тусгайлсан гэрээний дагуу олон улсын их, дээд сургуулийн тэтгэлэг авахаар сонгогдсон гурван оюутанд батламжийг нь гардууллаа.

Оюу Толгой компани 2010 онд Монгол улсын БСШУЯ-тай байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд боловсролыг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр 168 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж байна. Энэхүү санхүүжилт нь шинээр сургуулийн барилга байгууламж барих, өргөтгөх, сайжруулахаас гадна мэргэжлийн боловсрол, сургалтын багш нарыг мэргэшүүлэх, оюутнуудыг гадаад болон дотоодын их сургуульд суралцах тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах зэрэг боловсролын салбарт хийж буй томоохон оюуны хөрөнгө оруулалт юм.

Оюу Толгой ХХК-ийн Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Удвал “Бид уурхайн их бүтээн байгуулалтын хажуугаар улс, эх орныхоо хөгжлийн нэн чухал хэсэг болсон оюуны боловсролыг дэмжиж, бодит хүмүүст бодит хөрөнгө оруулалт хийж ирсэн билээ. Өнгөрсөн хугацаанд бид өөрсдийн санал, санаачилгаар 135 оюутанд дотоодын, 20 оюутанд гадаадын их, дээд сургуулийн тэтгэлэг олгоод байна. Харин энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөр бол дэлхийн шилдэг сургуулиудад монгол залуусаа сургаж буй төр, засгийн санаачилгыг идэвхийлэн дэмжиж буйгаараа онцлог юм” гэлээ

Сонгогдсон 3 оюутны 2 нь тус компаниас хэрэгжүүлдэг гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан бусад оюутны адилаар бүрэн тэтгэлэг хүртэх бол 3 дахь оюутны сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлж, амьжиргааны зардлыг Оюу Толгой компани хариуцах юм.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг “Оюу Толгой компанийнханд талархлаа илэрхийлье. Мэргэжлийн боловсролын салбарт барилга байшин, тэтгэлгээс гадна мэргэжлийн багш нарыг бэлтгэхэд маш их оюуны хөрөнгө оруулалт хийсэн. Налайх дүүрэгт баригдсан том байгууламжийг Герман-Монголын хамтарсан сургуульд шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ байгууламжийг Оюу Толгой компанийн хөрөнгө оруулалтаар барьсан. Бидний хамтын ажиллагаа улам өргөжиж, Монголын ирээдүйн төлөө хамтран зүтгэхэд таатай байна” хэмээн ярилаа.    

Оюу Толгойн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд нийт 200 оюутанд дотоодын, 30 оюутанд гадаадын их сургуульд суралцах тэтгэлэг олгох юм. Гадаадын их, сургуульд суралцах тэтгэлэг авсан оюутнаас өдгөө гурав нь сургуулиа амжилттай төгсөөд эх орондоо ирээд байна.

 

Боловсролын салбарт хийж буй бусад томоохон хөрөнгө оруулалтаас:

  • Оюу Толгой ХХК нь 2010 онд Монгол улсын БСШУЯ-тай байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд боловсролыг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр 168 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж байна.
  • Энэ ажлын хүрээнд шинээр сургуулийн барилга байгууламж барих, өргөтгөх, сайжруулахаас гадна мэргэжлийн боловсрол, сургалтын багш нарыг мэргэшүүлэх, оюутнуудыг гадаад болон дотоодын их сургуульд суралцах тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах зэрэг боловсролын салбарт хийж буй томоохон оюуны хөрөнгө оруулалт юм.
  • 2010 оноос хойш Өмнөговь аймгийн Ханбогд суманд Техникийн сургалтын төв барьж, ашиглалтад оруулсан, Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн сургуулийн барилгын өргөтгөл, оюутны дотуур байр барьж, Говьсүмбэр аймаг дахь Политехникийн коллежийн байрыг өргөтгөж, оюутны байрыг нь шинэчлэн хүлээлгэж өгсөн.
  • Мөн Налайх дүүрэгт 450-600 хүний багтаамжтай 6,000 метр квадрат талбай бүхий хичээлийн байр, 2,500 метр квадрат талбай бүхий 170 ортой дотуур байрны цогцолбор барьсан. Энэхүү цогцолбор сургуулийг 2013 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор Монгол-Германы хамтарсан Технологийн сургуулийн мэдэлд шилжүүлсэн.
  • Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Уул уурхайн жишиг цогцолборын эхний барилгыг барина. Энэ сургуулийг инженер, техникийн болон мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг Уул уурхайн сургалт судалгааны жишиг цогцолбор болгохоор Боловсрол, шинжлэх ухааны болон Хөдөлмөрийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дэвшүүлсэн саналыг дэмжиж Хүйтэн цаг уурын бүсэд уул уурхай эрхлэх сургалт, судалгааны дэлхийн жишигт нийцсэн цогцолбор байгуулахаар тохирсон юм.
  • Оюу Толгой ХХК нь сургуулийн барилга байгууламж барихаас гадна манай улсын бүх аймаг, хотын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 27 төвд 3.2 тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлж, тус салбарт ажиллаж буй нийт 2400 багшийг сургахын зэрэгцээ МБС-ын багш бэлтгэх, мэргэшүүлэх төвийг байгуулахаар ажиллаж байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.