Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Гараа хамгаалаарай

- 'Гарын аюулгүй байдал' сарын аян эхэллээ -

Монгол Улс, Улаанбаатар хот - Мэргэжлийн байгууллагуудаас гаргасан статистик тоо баримтаас үзэхэд манай улсын хэмжээнд авто ослын дараа гар, хөлийн гэмтэл хамгийн түгээмэл тохиолдсон байна. Уг осол ахуйн хүрээнд болон үйлдвэрлэлийн явцад голчлон гардаг байна. Гэр орондоо хоол ундаа бэлтгэж байхдаа гар хуруугаа эсгэхээс авахуулаад машин техниктэй ажиллах явцдаа гар хуруугаа хавчуулах, няцлах, тэр ч байтугай тасдуулах тохиолдол байгааг мэргэжлийнхэн анхааруулж байна.

Оюу Толгой компани ажиллагсдынхаа дунд гар хурууны гэмтэл бэртлийн эрсдлээс сэргийлэхэд чиглэсэн кампанит ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ олон нийтийг ч мөн гар хуруугаа хайрлан, хамгаалахад уриалж байгаа юм.

Я.Мөнхчулууны нэрэмжит Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн Хөдөлмөрийн нөхцөл судлалын хэлтсийн дарга А.Цэнгэлмаа: Оюу Толгой компани хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар Монголдоо үлгэр жишээ болохуйцаар ажилладаг. Бүхнээс түрүүнд аюулгүй ажиллагааг эрхэмлэдэг юм билээ. Тэр чиглэлийн сургалтыг байнга явуулдаг. Аюулгүй ажиллагааны талаар сургалт явуулах зориулалттай Эрсдэлийг үзүүлэх төв хүртэл байгуулсан байна лээ. Тус компаниас “Гарын аюулгүй байдал” сэдэвт кампанит ажил өрнүүлэх гэж байгааг сайшаан дэмжиж байна. Ер нь аливаа осол гэмтэл тухайн хүний хайхрамжгүй, анхаарал болгоомжгүй, хэнэггүй байдлаас л болж гардгийг ямагт санах учиртай. Монгол хүнд байдаг түгээмэл дутагдал энэ. Аюулгүй ажиллагааны дүрэм журмаа чанд мөрдөөд ажиллавал гэмтэл осол гарахгүй шүү дээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Энхсайхан: Гар бол хүний хамгийн чухал эрхтний нэг шүү дээ. Хүн хэдий толгой тархиараа сэтгэж, ухамсартай үйлдэл хийдэг ч хамгаас түрүүнд хоёр гар л хөдөлж байдаг. Тийм учраас аливаа эрсдэлд хамгийн түрүүнд өртөх магадлалтай эрхтэн бол гар. Тиймээс гараа хамгаал. Хүрэхээсээ өмнө бод, дараа нь гараа явуул. Аюулгүй ажиллагааны заавраа сайтар мөрд. Аливаа үйлдлийг хийхдээ анхаарал болгоомжтой бай.

'Оюу Толгой' компанийн аюулгүй ажиллагааны ахлах мэргэжилтэн Б.Баттулга: Гарын оролцоогүй хийдэг ажил гэж бараг үгүй. Хүний гар дахин ургахгүй. Хүнд нэг л удаа заяасан онцгой чухал эрхтэн. Гар, хуруугүй байна гээд төсөөл дөө. Гарынхаа аль нэг хурууг нугалж байгаад ямар нэг юм хийх гээд оролдоод үз. Хэцүү байгаа биз дээ. Бидний ажилладаг уул уурхайн салбарт гар, хуруу хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Гар, хуруугаа гэмтээх эрсдэл хэдийд ч байж байдаг. Харин тэр эрсдэлийг бууруулах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. “Гарын аюулгүй байдал” аянд хүн бүрийн оролцоо маш чухал. Энэ хугацаанд бид ажилчдадаа зориулж сургалт явуулах, мэдлэг олгох, мэдээлэл өгөх чиглэлээр олон төрлийн ажил хийхээр төлөвлөж байгаа.

“Есдүгээр сард тус компанийн баримтлах уриа бол “Хүрэхээсээ өмнө шалгаарай”. Хэчнээн жил хийгээд хэвшчихсэн ажил ч байсан аюулгүй гэж огт бодож болохгүй. Гар, хуруу болон бусад эд эрхтнийг гэмтээх эрсдэл байна уу гэдгийг өдөр бүр байнга санаж сэргийлж явах учиртай. Гэмтээснийхээ дараа түүнээс сургамж авахын оронд аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь илүү чухал” хэмээн Оюу Толгой компанийн аюулгүй ажиллагааны мэргэжилтэн зөвлөлөө.

Та бүхэн гараа хамгаалаарай.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.