Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал шинээр томилогдлоо

Монгол Улс, Улаанбаатар хот - Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Крэйг Киннел өөрийн хүсэлтээр албан үүргээ хүлээлгэн өгч буйтай холбогдуулан тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл Эндрью Вүдлейг уг албан тушаалд томиллоо.

Рио Тинто компанид 18 жил ажиллаж байгаа Эндрью нь Мозамбик улс дахь тус компанийн нүүрсний уурхайн захирал бөгөөд Рио Тинто компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын болон Гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга, мөн тус компанийн нүүрс болон хөнгөн цагааны групп, салбаруудад удирдах алба хашиж байсан арвин туршлагатай нэгэн юм. Уул уурхайн мэргэжилтэй тэрбээр бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй бөгөөд өмнө нь хувийн бизнес эрхэлж, менежментийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан юм. Тэрбээр шинэ ажлаа хүлээн авч гэр бүлийн хамтаар Улаанбаатарт ирж сууршин, төвхнөх юм.

Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Жан-Себастиан Жак “Энэхүү маш чухал бөгөөд хариуцлагатай албыг хүлээн авч буй Эндрьюд баяр хүргэе. Бид цаашид нягт хамтран ажиллах болно. Дэлхийн олон улс оронд үйл ажиллагаа явуулж буй Рио Тинтогийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа болон хөгжиж буй орнуудын эдийн засгийн онцлогийн талаар өргөн мэдлэг, туршлагатай Эндрью нь Оюу Толгой компанийн Ерөнхийлөгчийн албанд онцгой тохирсон хүн юм” гэлээ.

Жан-Себастиан Жак цааш нь “Оюу Толгойд шаргуу хөдөлмөрлөж, өөрийн бие сэтгэлээ зориулан ажилласан Крэйг Киннелд хувиасаа талархал илэрхийлье. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Оюу Толгой компанийг амжилттай, чадварлаг удирдаж ирсэн юм. Нэн ялангуяа аюулгүй ажиллагааг хамгийн чухалчлан үзэж, зардлыг үлэмж их хэмнэж, үйлдвэрлэлийг осол авааргүй, тогтвортой, үр ашигтай, олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай болгоход өндөр хувь нэмэр оруулсан болно” гэсэн юм.

Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх “Төлөөлөн удирдах зөвлөл Эндрьюг санал нэгтэйгээр томилсон бөгөөд өмнөх Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирлын хэвшүүлсэн ажил үйлс, залгамж халааг амжилттай үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Эндрью болон түүний гэр бүлийг Монголд тавтай морилохыг хүсч байна” гэлээ.

Г.Батсүх цааш нь “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Крэйг захиралтай нягт хамтран ажиллах завшаан тохиосонд баяртай байна. Тэрбээр Оюу Толгойн баяжуулах үйлдвэр ашиглалтад орсон үеэс эхлэн бизнесийн тогтвортой үйл ажиллагаанд шилжих чухал цаг үед бидэнтэй хамт ажиллаж, бизнесийн бат бөх хөрс суурийг бий болгож чадсан юм. Түүний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсч, сайн сайхныг ерөөе” гэсэн юм.

Крэйг Киннел “Оюу Толгой компани, хамт олонтойгоо амьдралынхаа сайхан дурсамжтай цаг үеийг хамт хөдөлмөрлөж өнгөрүүллээ. Монголд сэтгэл зүрх минь хоргодсоор л байна. Монгол улс, эх орныхоо хөгжлийн төлөө Оюу Толгой уурхайд шаргуу, тууштай ажиллаж буй хамт олноороо би ямагт бахархаж явах болно. Шинээр томилогдсон Эндрью захиралд ажлын амжилт хүсье” гэлээ.

Крэйг Киннел нь өөрийнхөө хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч, Англи руу буцаж байгаа болно. Тэрбээр цаашид Рио Тинто компанид үргэлжлүүлэн ажиллах бөгөөд түүний шинэ ажил хараахан тодроогүй байгаа юм. Түүний Оюу Толгойд ажиллах хугацаа 2014 оны 11-р сарын 15-нд дуусгавар болж, 2014 оны 10-р сард шинэ албанд томилогдож буй Эндрью Вүдлейд ажлаа бүрэн шилжүүлэн өгөх юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.