Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Монголын хамгийн орчин үеийн техникийн сургууль нээгдлээ

- Налайхын сургуульд дэлхийн түвшний инженерүүдийг бэлтгэнэ -

Налайх дүүрэг, Монгол улс - Өндөр боловсролтой, чадварлаг инженер, техникийн мэргэжилтнүүдийн шинэ үеийг бэлтгэх Монголын хамгийн орчин үеийн техникийн сургууль өнөөдөр нээгдлээ. 

Оюу Толгой ХХК-ийн 10 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар баригдсан Налайхын инженерийн сургуульд инженер мэргэжлээр 600 орчим хүнийг Германы Аахены их сургууль ба Фрайбургийн их сургуулиас боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу сургах боломжтой юм.

Тус сургууль уул уурхайн болон бусад салбарт хэрэгтэй үндсэн дөрвөн хичээлийн хөтөлбөр заана. Үүнд ашигт малтмалын баяжуулалт, байгаль орчны менежмент, механик инженер ба үйлдвэрлэлийн процесийн инженер зэрэг чиглэл орж байна.

Англи хэл заахын зэрэгцээ мэргэжлийн хичээлийн сургалтын хөтөлбөрийг төгсөгчдөд  дэлхийн түвшний боловсрол олгох, Монголд төдийгүй дэлхий дахинд төсөл дээр ажиллах чадвартай болгох зорилгоор дээрх хоёр их сургуулиас тусгайлан боловсруулсан билээ.

Нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг “Энэ сургуулийн онцлог нь гадаадын сургуулийн хөтөлбөрийг авч, Монголд нийцүүлсэн явдал юм. Монголын ирээдүйд хамгийн чухал мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах сургууль болно. Дэлхийн түвшний боловсрол олгох, сайхан орчин энд бүрджээ. Энэ сургуулийн хичээлийн болон оюутны дотуур байрны хоёр барилгыг Оюу Толгой компанийн хөрөнгө оруулалтаар  барьсан юм. Энэ сургууль сайн багш, сайн инженер бэлтгэнэ” гэж ярилаа.

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Монгол-Германы харилцааг  хариуцсан мэргэжилтэн Кристин Эбэлин “Уг сургуулийг Оюу Толгой компанийн хөрөнгө оруулалтаар барьж босгосон болохоор тэдэнд гүн талархал илэрхийлье. Герман багш нарын оролцоотойгорр сургалтын хөтөлбөрийг боловсруулсан. Ингэснээр герман боловсролыг Монголд нутагшуулахад түлхэц болох юм. Монголын хөгжилд хувь нэмрээ оруулах сайн мэргэжилтэн болох хувь заяа оюутан та нарын гарт байна, хичээгээрэй” гэж ярилаа.

Оюу Толгой компанийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх асуудал хариуцсан менежер Керн Вон Хаген хэлэхдээ  “Өнөөдөр энэ сургуулийг албан ёсоор нээж байгаад бид маш их баяртай байна. Оюу Толгой бол олон арван жил үргэлжлэх төсөл тул бидэнд өндөр боловсролтой мэргэжилтнүүдийн хэрэгцээ олон жилийн туршид байх болно. Энэ сургууль нь Оюу Толгой компанийн зүгээс Монголын боловсролын салбарыг дэмжих урт хугацаат бодлогын зөвхөн нэг л хэсэг билээ” гэв.

Сургуулийн цогцолборт мөн 120 оюутны болон 50 багш нарын дотуур байрны барилга орж байна. Оюу Толгой ХХК нь Налайхын сургуулийг холбогдох албан байгууллагад ийнхүү шилжүүлж байгаа юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.