Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: “Аэро Монголиа” компани Оюу Толгой уурхайн чиглэлд нислэгтэй болов

- Долоо хоногт хоёр удаа хийх нислэгээр орон нутгийн иргэдийг Улаанбаатартай холбоно -

Монгол Улс, Ханбогд сум - Оюу Толгойн Ханбумбат нисэх буудал өнөөдөр (Лхагва гарагт) анхны арилжааны нислэгийг хүлээн авлаа. 'Аэро Монголиа' компани Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрладаг тус нисэх буудал руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэхээр шийдвэрлэжээ.

Анхны нислэгээр ирсэн төрийн өндөр албан тушаалтнууд, бизнесийн төлөөлөгчид Говийн нутагт анх удаа олон улсын стандартад нийцэхээр баригдсан нислэгийн зурвас замд бууж тусгай нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцлоо.

Голланд улсад үйлдвэрлэсэн, 50 хүний суудалтай “Фоккер-50”онгоцоор үйлчлэх энэхүү шинэ нислэгийн нээлт нь уурхайн дэд бүтцээ орон нутгийн ард иргэдтэй хамтран ашиглах Оюу Толгойн хэтийн зорилтод хүрэхэд томоохон ахиц гарсныг харуулж байна.

“Аэро Монголиа” компанийн гүйцэтгэх захирал У.Сагамдолдой Манай компани анхны нислэгээ үйлдсэнээс хойш 11 жил өнгөрч байна. Манайх Оюу Толгой төслийг анх эхэлснээс хойш өнөөг хүртэл агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж байгаагаараа үнэхээр их бахархдаг. Оюу Толгой төслийн ачаар өмнийн говь руу нисэх зорчигчийн тоо ихээхэн нэмэгдэж байна. Үүнтэй уялдаад нислэгийн шинэ чиглэл нээгээч гэсэн хүсэлтийг орон нутгийн удирдлага, ард иргэд олонтаа тавьдаг байсан тул “Ханбумбат” нисэх онгоцны буудал баригдаж бид энэхүү хүсэлтийг биелүүлэх боломжтой болсонд бид маш их баяртай байна” гэж ярив.

Оюу Толгой ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Айвен Велла энэ үеэр хэлэхдээ “Хоёр жилийн өмнө бид Ханбумбат нисэх буудлыг барьж байхдаа өнөөдөр шиг өдрийг л мөрөөдөж байлаа. Бид “Ханбумбат” нисэх буудлыг уурхайн ажиллагчид, тэдэнд үйлчлэгчдийг тээвэрлэх зорилгоор барьсан. Гэхдээ бүс нутгийн дэд бүтцийн энэхүү чухал хэсгийг бид хамтран ашиглаж, орон нутгийн иргэдэд ч бодит ашиг шим өгнө гэсэн санаа бидэнд анхнаасаа байсан юм.” гэв.

Анхны нислэгт оролцсон багийнхан Дэмчогийн хийдийг үзэж, тус сумын малчин Ц.Сувданшагайгийнд зочлов.

Ханбумбат, Улаанбаатар хоорондын чиглэлийн нислэгийг долоо хоногт хоёр удаа Лхагва болон Бямба гарагт хийнэ. Аэро Монголиа компани Ханбогд сумд билетны касс болон төлөөлөгчийн газраа нээсэн юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.