Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу толгой компанийн ахлах ажилтнууд Ханбогд сумын хүндэт иргэн болов

Монгол улс, Ханбогд сум – Ханбогд суманд 9 дүгээр сарын 26-нд “Зах зээлийн өдөрлөг” боллоо. Энэ үеэр “Оюу толгой” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Айвен Велла, Ерөнхий геологич Д. Гарамжав, Нөөцийн стратеги, шинэчлэлийн асуудал эрхэлсэн дэд захирал Т.Мөнхбат нарт сумын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Ханбогд сумын хүндэт иргэн цол гардуулав.

Д.Гарамжав, Т.Мөнхбат нар Оюу толгой ордыг анх нээсэн хайгуулын багийн гишүүд бол Айвен Велла 2010 оноос Оюу толгой уурхайг удирдаж, ажлынхаа хүрээнд Ханбогд сумтай нягт холбоотой ажиллаж ирсэн юм. Айвен Велла “Миний хувьд, Оюу толгойн хамт олны хувьд энэ бол том хүндэтгэл. Ханбогд бол миний гэр, би цаашид хаана ч явсан энэ хүндэтгэлийг авч явна. Ханбогд сумын иргэд манай компанид үргэлж үнэтэй зөвлөгөө өгч, уурхайн хөгжлийн төлөвлөлтийг хийхэд тусалж, уг төслийг орон нутгийн иргэдэд ашигтай, бас Оюу толгойг амжилттай, тогтвортой бизнесийн байгууллага болгоход чиглүүлж байлаа. Бид бат бөх түншлэлээ улам бэхжүүлж, уурхайн ашиг шимийг хүн бүрт хүртээхийн төлөө орон нутгийн иргэдтэй цаашид ч нягт хамтран ажиллах болно” гэлээ.


Ерөнхий геологич Д.Гарамжав

Үйл ажиллагаа хариуцсан захирал Айвен Велла

Нөөцийн стратеги, шинэчлэлийн асуудал эрхэлсэн дэд захирал Т.Мөнхбат

Ханбогд сумын ИТХ-ын дарга Х.Нэхийт “Оюу толгойн удирдлагууд манай сумтай хамтран ажиллах нөхцөл бололцоог хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж ирсэн. Ялангуяа өмнө нь тус компанийн Хангамжийн хэлтэс, Дэд бүтцийн хөгжлийн хэлтсийг удирдаж байсан Айвен Велла захирал бол орон нутгийн хангамжийн сүлжээг бэхжүүлж, сумын эдийн засгийн хөгжил дэвшилд сэтгэл зүтгэл гаргаж ажилласан гавьяатай хүн. Одоо уурхайн даргаар ажиллаж буй энэ эрхэм манай сумын 90 жилийн түүхт ойн босгон дээр сум орны өнгө үзэмж болсон Галба цэцэрлэгт хүрээлэнг амжилттай байгуулж, ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд өндөр ач холбогдол өгч тусалж, дэмжиж ажилласанд нутгийн иргэдийн өмнөөс, ИТХ-ын нэрийн өмнөөс “Сумын хүндэт иргэн” шагналаар шагнасан юм. Цаашид компани болоод сумын хамтын ажиллагаа, түншлэл улам бүр өргөжин тэлж, үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна” гэж хэллээ.

Энэхүү “Хүндэт иргэн” өргөмжлөлд “Ханбогд сумын хөгжилд өндөр хувь нэмэр оруулж, сумын ард иргэдийн төлөө ажиллаж, түүхэнд үлдэх гавьяа байгуулсныг үнэлж Ханбогд сумын хүндэт иргэн цолоор өргөмжлөв” хэмээн дурджээ.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.