Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Гүний хоолойн 33 га талбайд 21 мянган заг тарьжээ

- Өнгөрсөн намар 6.3 га-д 10,677 тарьц суулгасны 80 хувь нь ургаж байна -

Монгол улс, Өмнөговь - “Оюу толгой” компани газар ашиглалт, газрын хэвлийн нөхөн сэргээлтэд онцгой анхаарч, хөндсөн газрыг булж тэгшлэн хэлбэршүүлэх, хог хаягдлыг цэвэрлэх, газрын хэвлийн унаган төрхийг сэргээх явцыг хурдасган дэмжих зорилгоор ургамалжуулах, хүн, мал, амьтдын амьдрах аюулгүй, таатай орчныг бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна.

Оюу толгойн уурхайн усан хангамжийг Гүний хоолойн газрын доорх усны эх үүсвэрээс хангадаг бөгөөд тэр хавийн 6.37 га талбайд бортоготой загийн 10,677 тарьц суулган усалж арчлах ажлыг хийсэн билээ. Энэ хаврын байдлаар уг суулгацын 79.7 хувь нь өвлийг ажралгүй даван ургаж байна. Заган ойн нөхөн сэргээлтийн эхний үе шатанд Гүний хоолой, “Ханбумбат” нисэх онгоцны буудлын орчимд нутагладаг 28 малчин (давхардсан тоогоор) гурав хоногийн хугацаанд хамтран ажилласан юм.

Нөхөн сэргээлтэд орон нутгийн иргэд сайн дураараа хамтран оролцох нь улам нэмэгдэж, зөвхөн энэ онд гэхэд найм хоногийн хугацаанд нийт 102 иргэн уг ажилд оролцлоо. Есдүгээр сарын байдлаар Гүний хоолойн 33.3 га талбайд загийн 21,235 тарьц суулгац тариад байна. Заган ойн нөхөн сэргээлт аравдугаар сарыг дуустал үргэлжилнэ.

Тус компанийн Байгаль орчны хэлтсийн мэргэжилтэн Б.Алтанцэцэг “Заг тарихад нэлээдгүй хугацаа ордог. Эхлээд бид байгалиас загийн үрийг түүж, бусад үр, хог хольцоос салган цэвэрлэж хатаана. Мөн заг тарих бортогыг өвлийн улиралд бэлтгэн, талбайд байршуулж 5-р сард үрээр тарилтыг хийж эхэлдэг. Жил хагасын дараа өнөөх тарьсан бортоготой үрсэлгээг байгальд шилжүүлэн суулгахад бэлэн болдог” гэсэн юм.

Сум орон нутгийн иргэд, малчдыг заган ойн нөхөн сэргээлтийн явцтай танилцуулах ажлыг энэ намар хоёр удаа зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй болов. Уг арга хэмжээнд Ханбогд сумын Засаг даргын тамгын газар, ахмадын холбоо, ерөнхий боловсролын дунд сургууль, Ханбогд хөгжлийн радио зэрэг байгууллага, малчдын төлөөлөл бүхий 57 иргэн оролцож, нөхөн сэргээлтийн явцтай танилцан санал бодол, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.