Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Монгол гар урлалын үзэсгэлэн худалдаа болов

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Оюу Tолгой ХХК-ийн Хангамжийн хэлтсийн Oрон нутгийн хангамжийн баг Талархлын болон Шинэ жилийн баярыг тохиолдуулан Монгол гар урлалын үзэсгэлэн худалдааг Оюу Tолгой төслийн талбайд амжилттай зохион байгууллаа. Орон нутгийн гар урчуудыг дэмжих, бүтээлийг нь нийтэд сурталчлах, бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, зах зээлд өрсөлдөхүйц бодит үнэ тогтоох, Оюу Tолгой төслийн талбайд ажиллаж байгаа гадаад, дотоодын иргэдэд хэрэгцээтэй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авах боломж олгох, тэдэнд эрэлт хэрэгцээтэй гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх туршлага судлуулах зорилгоор уг үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ.

Өмнөговь аймгийн 20 урлаач эсгий эдлэл, арьсан урлал, үндэсний хувцас, мөнгө, үнэт эдлэл, чулуун болон модон сийлбэрийн төрлөөр, Улаанбаатар хотын “Дорнын эсгий” ХХК эсгий зураг, хонины нарийн ноосоор урласан сүлд модны чимэглэлээр, Баян-Өлгий аймаг төрөл бүрийн уран хатгамал бүхий эдлэлээр үзэсгэлэн худалдаанд оролцож, есөн сая  төгрөгийн борлуулалт хийж, 360 мянган төгрөгийн захиалга авлаа.

Энэ үеэр 10 мянган төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авсан үйлчлүүлэгч бүрт сугалаа олгож, 10 азтан шалгаруулан гар урчуудын бүтээлээр урамшуулсан нь үзэсгэлэн худалдааг улам ч сонирхолтой болголоо.

Орон нутгийн хангамжийн баг үзэсгэлэн худалдаанд оролцогчдын ирж, буцах унаа, үдийн хоолны зардал болон мэдээлэл зөвлөгөөг хариуцсан байна.

Гар урчууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашид тус тусдаа биш, хамтран ажиллаж, уул уурхайн бусад компани, сумдад үзэсгэлэнгээ гаргах боломжийн талаар ярилцаж, үзэсгэлэн худалдаанд оролцох талаар туршлага судалсан нь ихээхэн үр дүнтэй болов.


Тор дүүрэн бүтээгдэхүүн худалдан авсныг харахад гар урчуудын бүтээл таалагджээ


Шинэ жилийн гацуур модоо гар урчуудынхаа бүтээлээр чимэглэв


Гар урчууд үндэсний хувцсаараа гоёсон нь энэхүү арга хэмжээ болон
үйлчлүүлэгчдээ хүндэтгэж буйн илрэл билээ


Хангамжийн ажилтнууд гар урчуудын бүтээгдэхүүнийг гадаадын иргэдэд танилцуулахад
тусалсан нь борлуулалтад сайнаар нөлөөлөв


Хүйтэнд өмсөх дулаан оймс, улавч, бүслүүр эрэлт ихтэй байлаа


Үзэсгэлэнгийн хамгийн үнэтэй бүтээл алтан нуухтай, мөнгөн халбагатай их гарын
цагаан шүрэн хөөрөг


Азтанууд

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.