Хэвлэл мэдээлэл
Мэдээ

"Монгол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсэж байна"

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Т.Баярсайхан хөгжлийн асуудлаар олон улсын хэмжээнд 18 жил ажилласны дараа Оюу Толгой компанид ажиллахаар болов

Монгол улс, Улаанбаатар (ot.mn) - НҮБ-ийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банк зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагуудад олон жил ажилласан туршлагатай Монгол улсын иргэн Т.Баярсайхан Оюу Толгой Компанийн Бүс Нутгийн Хөгжил, Нийгмийн Асуудал Хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр томилогдлоо.

Т.Баярсайхан Оюу Толгойд орохоосоо өмнө Дэлхийн Банкны Вашингтон хотын төв салбарт Өмнөд Азийн асуудлыг хариуцан ажиллаж байсан бөгөөд одоо Оюу Толгойн уурхайгаас тухайн орон нутагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх ажиллагааг хариуцан ажиллахаар болж байна.

“Өнгөрсөн 18 жилийн турш гадаад оронд ажиллаж амьдарч байгаад эх нутагтаа эргэн ирж, өнөөгийн их бүтээн байгуулалтын ажилд хувь нэмэр оруулах энэхүү завшаан тохиолдсонд би туйлын баяртай байгаа бөгөөд үүнийг би нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх төсөл бөгөөд улсын ирээдүйн хөгжил, эдийн засгийн дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэх ёстой гэдгийг би бүрэн ойлгож байна. Шинээр авсан ажлынхаа хүрээнд Өмнийн Говийн бүс нутгийг зохистой хөгжүүлэх, түүнчлэн Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах их үйлсэд дорвитой хувь нэмэр оруулах чиглэлээр ажиллах болно” гэж Баярсайхан ярив.

Баярсайхан нь Улаанбаатар хотод төрж өссөн бөгөөд 1985 онд Чехословак улсын Братислав хотын Эдийн Засгийн Дээд Сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөж, улмаар 1994 онд Английн Лондонгийн Их Сургуульд хөдөөгийн хөгжлийн чиглэлээр магистр, 1997 онд Австралийн Шинэ Английн Их Сургуульд хөдөө аж ахуй, байгалийн нөөцийн менежментийн эдийн засгийн чиглэлээр докторын зэргийг тус тус хамгаалсан байна.

Тэрээр нийтдээ Монгол болон гадаадын 20 гаруй оронд 23 жил ажилласан баялаг туршлагатай бөгөөд Монголд эдийн засагч, НҮБ-ийн удирдлагын төслийн мэргэжилтэн, бизнэсийн сургалтын төвийн сургалтын програм хариуцсан захирал, хүнс хөдөө аж ахуйн яамны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга зэрэг албан тушаалуудад 8 жил ажилласан байна.

Т.Баярсайхан сүүлийн 13 жилд Азийн Хөгжлийн Банк болон Дэлхийн Банкинд ахлах эдийн засагч, төсөл, хөтөлбөрийн менежер зэрэг албан тушаалуудыг хашиж ирсэн бөгөөд хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн бодлогыг төгөлдөржүүлэх чиглэлээр болон хөрөнгө оруулалтын том хэмжээний төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг гардан удирдаж иржээ.Тэрээр өнгөрcөн хугацаанд БНХАУ, Энэтхэг, Индонези, Пакистан, Вьетнам, Шри Ланк, Балба, Этиоп болон Зүүн Европ, Төв Азийн 20 гаруй орнуудад ажилласан байна. Т.Баярсайхан нь хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн бодлогыг төгөлдөржүүлэх, бүтцийн шинэчлэлтыг хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын болон бүс нутгийн хөгжлийн стратеги боловсруулах, байгалийн баялгийн менежментыг сайжруулах, дэд бүтцийн болон бусад хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр мэргэшиж иржээ.

“Т.Баярсайхан шиг өндөр ур чадвар, туршлагатай хүн Оюу Толгой Kомпанид ажиллахаар болсон нь үнэхээр сайн хэрэг бөгөөд бүс нутгийн хөгжил, нийгмийн асуудлыг түүнд хариуцуулан ажиллуулж байгаа нь бидний энэхүү асуудалд өндөр ач холбогдол өгч байгаагийн тод илрэл юм” гэж Оюу Толгой Компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей хэлэв.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.