Уурхайн үйлдвэрлэл

Гүний уурхайн бүтээн байгуулалт

Оюу толгойн орд нь зэс, алт, болон мөнгө агуулсан хэд хэдэн хүдрийн биетээс бүрддэг. Хүдрийн биетүүд нь хойноосоо урагш нийт 12км сунан тогтох бөгөөд үүнд Хюго Дамметтын Хойд Бүс, Хюго Дамметтын Өмнөд Бүс, Оюут хүдрийн биет болон Херуга хүдрийн биет орно. Бид одоогийн байдлаар баяжмалаа ил уурхайгаас олборлосон хүдрээс боловсруулж байна. Оюу толгойн ордын нийт баялгийн 80 гаруй хувь нь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд орших бөгөөд энэ хүдрийн биет нь дэлхийн хамгийн өндөр зэс, алтны агуулга бүхий хүдрийн биетүүдийн нэгд тооцогддог. Тиймээс бид гүний уурхайн иж бүрэн цогцолборыг блокчлон олборлох орчин үеийн технологи ашиглан барьж байгуулахаар зорьж байна.

Блокчлон олборлох арга нь техникийн хувьд нарийн төвөгтэй боловч хамгийн аюул багатай, хамгийн үр ашигтай юм. Хюго Дамметтын Хойд Бүс дэх блокчлон олборлох арга нь Оюу толгойг урт хугацааны, тогтвортой үйлдвэрлэгч, дэлхийн зэсийн зах зээлд голлох тоглогчийн нэг болгоно.

Оюу толгойн гүний уурхайд 14 километр урт хөндлөн хонгил одоогоор баригдсан. Цаашид 1300 метрийн гүнд 200 км урт хонгил нэмж барьснаар Оюу толгойн ордын хамгийн гүн хэсгээс хүдрийг аюулгүй аргаар тээвэрлэх боломж бүрдэнэ.

Оюу толгойн гүний уурхайн тухай ерөнхий мэдээлэл

/media/ot/content/media/videos/UG_general_video_MN.mp4

Оюу толгойн гүний уурхайн онцлох тоо, баримтууд:

  • Оюу толгойн ордын нийт баялгийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог
  • Олборлолтын арга: Блокчлон олборлох
  • Үйл ажиллагаа: Гүний уурхай нь 12 цагийн хоёр ээлжээр жилийн 365 өдөр ажиллана.
  • Бүтээн байгуулалтын оргил үед гүний уурхайн ажилчдын тоо 3,000 гаруй болно.
  • Туузан дамжуулагчийн нийт урт нь 10км буюу Чингисийн талбайгаас Толгойтын өртөө хүрэх зайтай тэнцэнэ.
  • Хамгийн гүн босоо ам нь Блю Скай Цамхагийг 12 давхарласантай дүйцэнэ.
  • Хюго Дамметт ордын хойд бүсэд баригдах хонгилын нийт нэвтрэлтийн урт нь 200км байна. (голдуу 5.5м өндөртэй, 5м өргөнтэй байна).

Блокчлон олборлох гэж юу вэ?

Блокчлон олборлох арга нь уулын даралтын хүч буюу газрын татах хүчийг ашиглан гүний уурхайн хүдрийн биетийг доороос нь нурааж олборлох арга юм. Хүдрийн биетийн доор хөндлөн малталт хийдэг. Энэ нэвтрэлтүүдийг улаар таслах буюу огтлох түвшин гэж нэрлэдэг. Хүдрийн биет нь улаар таслах түвшин дэх тэсэлгээгээр хөдөлгөөнд орж, нурж эхэлнэ.

Тэсэлгээгээр бутарсан хүдрийг буулгуураар дамжуулан хүдэр буулгах цэгт хүргэж, тэндээс бутлуурын хэсэг рүү утгуурт ачигчаар зөөнө. Хүдэр буулгах цэгээс хүдрийг авах тусам дээр нь байгаа хүдэр сулран урсаж орж ирнэ. Хүдрийн урсгал нь цаашид уулын даралтан доор тасралтгүй үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ‘Оюу толгойн Гүний уурхайн бүтээн байгуулалт’ зурагт хуудаснаас үзнэ үү.

OT Underground Mine Poster