Хэвлэл мэдээлэл
Өгүүлэл

“Оюу толгой” компанийн санхүүжилтээр баригдсан Баян-Овоо сумын эмнэлэг нээлтээ хийлээ

Монгол Улс, Өмнөговь аймаг,

“Оюу толгой” ХХК, Өмнөговь аймаг, Ханбогд болон бусад сумдын хооронд байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-г 2015 онд үүсгэн байгуулсан юм. Тус сангаас санхүүжүүлсэн эхний төсөл болох Даланзадгад сумын 25, 26 дугаар цэцэрлэг энэ оны 4 дүгээр сарын 20-нд нээлтээ хийсэн билээ. “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн удирдах зөвлөлийн анхны хурлаар 2015 онд “Оюу толгой” компанийн санхүүжилтээр дээрх хоёр цэцэрлэгийг барихаар шийдвэрлэж байсан юм.

Тэгвэл өнөөдөр бидэнд та бүгдэд дахин дуулгах таатай мэдээ бий. Учир нь өнөөдөр “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас санхүүжүүлсэн Баян-Овоо сумын эмнэлэг нээлтээ хийв. Уг эмнэлгийг барихад Өмнөговь аймгийн “Суварган говь” компани гүйцэтгэгчээр ажилласан ба “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн Удирдах зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 19 -ний хурлаар уг барилгыг санхүүжүүлэх шийдвэр гарсан.Тендер, сонгон шалгаруулалт болон гэрээ байгуулагдаж барилга угсралт 2016 оны 6 дугаар сард эхэлж энэ оны 10 дугаар сард дууссан ба Улсын Комисс 10 дугаар сарын 18-ны өдөр ажиллаж ашиглалтанд хүлээн авсан юм. Гражийн болон бусад барилга байгууламжтай, 10 ортой, 2 давхар эмнэлэг ба нийт 18 эмч, сувилагч, асрагч нар ажиллаж байна. Эмнэлгийн нээлтийн ёслолд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд болон ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ү. Энхцацрал, Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Баяржаргал, Баян-Овоо сумын Засаг дарга О.Мандахбаяр, Баян-Овоо сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Ц.Энх-Амгалан, “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Стивен Жонс, Орон нутгийн харилцаа хариуцсан ерөнхий менежер Ш. Байгалмаа болон иргэдийн төлөөлөл оролцов.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар эмнэлгийн нээлтийн ёслолын үеэр “Баян-Овоо сумын иргэдийн эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласанд “Оюу толгой” компанийн хамт олонд аймгийн удирдлага мөн ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлж байна” гэв.

Өмнөговь аймгийн Эрүүл Мэндийн Газрын дарга Ч. Баяржаргал: “Баян-Овоо сум маань нийт 1,700 гаруй хүн амтай, 10 ортой 400 м.кв. талбайтай шинэ эмнэлгийн барилга ашиглалтанд орж, төвлөрсөн цэвэр бохир усны шугамтай мөн төвлөрсөн цэвэр бохирд холбогдсон, халдвар, төрөх, хагалгааны өрөөнүүд нь стандартын шаардлага хангасан эмнэлэгтэй болсонд их баяртай байна” гэлээ.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.