Онцлох амжилт:
- Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн жагсаалтыг “Оюу толгой” компани хоёр дахь жилдээ тэргүүллээ. ТОП 100 аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа тухайн жилийн орлого, төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажилчдын тоо, ашиг хөрөнгийн хэмжээ гэсэн таван гол үзүүлэлтийг харгалзан үздэг. 2024 онд үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд нийт 7 их наяд төгрөг дотоодод зарцуулжээ. Оюу толгойн 30 ханган нийлүүлэгч компани мөн ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад багтжээ.
- Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын нэн чухал хэсэг болох Агааржуулалтын хойд амын нэвтрэлт 1,175 метр, урд амын нэвтрэлт 1,131 метрт тус тус хүрснээр үндсэн нэвтрэлтийн ажил амжилттай дууслаа. Босоо ам нь гүний уурхайд агаар оруулах, гаргах үүргийг гүйцэтгэх төдийгүй уурхайн үйлдвэрлэл бүрэн хүчин чадалдаа хүрэх боломжийг бий болгох юм. Тус бүр 10 метр болон 11 метрийн диаметр бүхий эдгээр агааржуулалтын ам нь дэлхийд хамгийн томд зүй ёсоор тооцогдож байна.
- 2024 оны 11 сарын 21-ний өдөр “Оюу толгой” компани болон Үйлдвэрчний эвлэлийн хороод хамтран ажилтнуудын хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах, тогтвортой, гурван жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх Хамтын гэрээг үзэглэв.
- Дархан-уул аймгийн Шарын гол сумын Хар Ямаатын ам, Хонгор сумын Хургад, Цэхэр, Бага Ноёны амуудад хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, олон жил орхигдсон 215.5 га талбайд газрын нөхөн сэргээлт хийлээ.
- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Байт ууланд түймэрт өртөж, доройтсон 400 га талбайд ойжуулалт хийж, 1 сая мод тарилаа
- Дрон ашиглан мод тарих технологийг Монголд анх удаа туршиж, ойжуулалт, нөхөн сэргээлтийг илүү өргөн хүрээнд хийх боломжтойг баталгаажууллаа. 2023 оны 5 дугаар сард Сэлэнгэ аймгийн Ялбагийн хөндийд нийт 27,000 ширхэг үр агуулсан үрэл дрон ашиглан суулгасан. 2023 болон 2024 онд хийсэн ажиглалтуудаар эдгээр үр амжилттай соёолж, ургаж байгааг нь баталгаажууллаа
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран 21 аймгийн 46 сум дундын ойн ангийн 90 гаруй мэргэжилтнийг хамруулан Сэлэнгэ аймгийн Ерөө, Шаамар сумдад байрлах мод үржүүлгийн газрууд, Ерөө сумын Бугант тосгонд хэрэгжиж буй “Ногоон хэрэм” төсөл, Тужийн нарс байгалийн цогцолборт газар болон Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнгээр тус тус зочлон үйл ажиллагаатай танилцаж, хангайн бүсийн ойжуулалтын туршлага судаллаа. “100 сая мод” хөтөлбөрийн хүрээнд мод тарихаас гадна ойжуулалтын ажлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, мод үржүүлгийн газруудын дэд бүтцэд хөрөнгө оруулах, боловсон хүчнийг бэлтгэх, сургах ажлуудыг хийсээр байна.
- "Аж үйлдвэр - Академи"-ийн түншлэлийг дэмжих зорилгоор "Үйлдвэрлэлийн судалгааны хөтөлбөр"-ийг дахин хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд их дээд сургуулийн багш нар, хүрээлэнгийн судлаачид болон бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн оюутнууд “Оюу толгой” компанид хэрэгцээтэй судалгаа хийх, компанид тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд оролцох боломж нээгдэж байгаа юм. Мөн судлаачдад уул уурхайн салбарыг илүү ойлгох, хамтран ажиллах, мэдлэг хуваалцах, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
- Залуусын хөгжлийн хөтөлбөрөө өргөжүүлэн Дорноговь аймагт хэрэгжүүлж эхэллээ. Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 52 сурагч хөтөлбөрт шалгаран, зөөлөн ур чадваруудаа хөгжүүлэх сургалтуудад хамрагдаж байна.
- Өсвөр үеийнхний сэтгэл зүй, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих "Гэрэлт" төслийг тав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Өмнөх жилүүдэд төсөлд хамрагдсан 17 сургууль бүгд мэргэжлийн сэтгэл зүйчтэй болж, тусгайлсан жишиг өрөөнд сурагчид, багш нар болон эцэг эхчүүдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж байна. 2024-2025 оны хичээлийн жилд нэмж Баянзүрх дүүргийн 4 сургуульд төслөө хэрэгжүүлж байгаа бөгөөд тус дүүрэгт шинэ жюү жицүгийн клуб байгуулахаар ажиллаж байна.
- Өмнөговь аймгийн Ханбогд суманд хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур, ногоон бүс, 300 машины зогсоол, ариун цэврийн байгууламж, гэрэлтүүлгийг цогц шийдсэн 5 га талбай хамарсан Галба цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, Ханбогд сумын төвийн 7.96 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажлууд дууслаа.
- Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан барилга бүтээн байгуулалт, бизнес хөгжил болон хүний хөгжил гэсэн голлох 3 чиглэлээр төслүүдээ хэрэгжүүлж байна. Мөн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор ХасБанктай хамтран хөнгөлөлттэй зээл олгож эхлээд байна.
- Рио Тинто болон Хятад Улсын Эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпораци хамтран Оюу толгойн уурхайд батарейгаа сольдог цахилгаан өөрөө буулгагч машины технологийг туршиж эхэллээ. Хоёр жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төсөлд 91 тонн даацтай найман өөрөө буулгагч машин, 800 кВт.цаг хүчин чадал бүхий 13 батарей, автоматажсан батарей солих-цэнэглэх станц ашиглагдана. Эдгээрийг Оюу толгойн уурхайд нөхөн сэргээлт, өнгөн хөрс тээвэрлэх зэрэг үйлдвэрлэлийн бус зорилгоор ашиглах юм.
- Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.17 байснаар, бид 200,000 хүн/цаг тутамд 0.23-аас доош түвшинд барих зорилтоо амжилттай биелүүллээ.
- Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 шоо метр ус ашигладаг бол, “Оюу толгой” компанийн хувьд нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 шоо метрээс бага (2024 оны дөрөвдүгээр улиралд 0.34 шоо метр ус ашигласан) ус зарцуулдаг.
- Нийт ажилтнуудын 97.5 хувь нь монголчууд бөгөөд 23.3 хувийг эмэгтэй ажилтнууд эзэлж байна.
- Дөрөвдүгээр улиралд нийт 435 тэрбум төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлсөн. 2010 оноос хойш татвар, хураамж, үндэсний компаниудад төлсөн НӨАТ зэрэг бусад төлбөрт 12.1 их наяд төгрөг төлжээ.
- 2024 онд нийт 1,044 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 752 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 90 хувийг эдгээр дотоодын компаниудад зарцууллаа.
- Дөрөвдүгээр улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.
- 2023 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад зэсийн үйлдвэрлэл 63 хувиар өссөн нь гүний уурхайд үйлдвэрлэл эрчимжиж, хүдрийн агуулга нэмэгдсэнтэй холбоотой.
- 2024 оны 10 дугаар сард хүдрийг 1,300 метрийн гүнээс газрын гадарга руу тээвэрлэх 6.9 км урт туузан дамжуургын бүтээн байгуулалтыг дуусган амжилттай эхлүүллээ. Ингэснээс үйлдвэрлэл өмнөх улирлаас 33 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хүдрийн агуулга сайжирснаар ил уурхайн гарц мөн нэмэгдсэн.
- Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн ажил төлөвлөгөөт хуваарийн дагуу явагдаж, 2024 оны дөрөвдүгээр улирлаас 2025 оны хоёрдугаар улирал хүртэл үе шаттайгаар ашиглалтад орох төлөвтэй байна.
- Анхдагч бутлуур 2-ын барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 2025 оны эцэс гэхэд дуусах төлөвлөгөөтэй байна.
- Гүний уурхайн Панел 0 олборлолтын түвшинд нийт 124 хүдэр буулгуурыг нээж, дөрөвдүгээр улиралд 4 хүдэр буулгуурыг ашиглалтад орууллаа. Энэ улиралд гүний уурхайгаас 1.96 хувийн дундаж зэсийн агуулгатай 2.1 сая тонн хүдэр, ил уурхайгаас 0.43 хувийн дундаж агуулгатай 8.9 сая тонн хүдэр боловсрууллаа.
- Үйлдвэрлэл хэвийн үргэлжилж, 2028-2036 онуудад гүний болон ил уурхайгаас жилд 500 мянган тонн зэс (100%-ийн цэвэр металл) олборлох зорилготой ажиллаж байна.
- 2025 онд Панел 0 болон 2 түвшнээс олборлолт хийх бөгөөд Панел 1-д бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж байна. Панел 1-ийн тодорхой хэсэг нь “Антрэ Ресурс” болон “Оюу толгой” компанийн хамтарсан тусгай зөвшөөрлийн бүсэд байрладаг. Энэ бүсэд олборлолт хийх урт хугацааны шийдэлд хүрэхийн тулд оролцогч талуудтай хамтран ажиллаж байна.